
Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй, нэгжид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Өмнө нь Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос нэг сарын 07-нд буюу мягмар гарагт Ховд, Увс, Баян-Өлгийд явж буй аж ахуйн нэгжүүдийн 4-5 автобус суудал сул зогсож байна. Өөрөөр хэлбэл Хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт 30 хувиар буурсан байхад явах давтамжийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.
Тэгвэл өнөөдөр тус аймгуудын нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон жолооч нар “хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт 30 хувиар буурсан байхад явах давтамжийг нэмэгдүүлж байна” гэдэг нь худал ташаа мэдээлэл гэдгийг тэд хэлэв.
Энэ үүсээд байгаа нөхцөл байдлын талаар “Цаст тээлийн зам” компанийн хуулийн зөвлөх Д.Баатарбал хэлэхдээ “Хүн амын өсөлт, засмал зам шинээр тавигдсан, орон нутгаас Улаанбаатарыг зорих зорчигчдын урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа болохоор суудлын тоо нэмэх нь зөв гэж бодож байна. Иймд Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан судалгаанд, нийтийн тээврийн суудал ашиглалтын хувь Ховдод 80 хувь, Увсад 78, Баян-Өлгийд 76 хувьтай гэж байгаа юм. Тиймээс эдгээр хот хоорондын нийтийн тээврийн цагийн давтамж нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн олон жил хот хоорондын тээвэрт явж байгаа туршлагатай жолооч нар нэгдэн орон нутгийн компани байгуулан зорчигч тээврийн салбарт стандартын шаардлага хангасан автобусаар үйлчилгээ явуулах зөвшөөрөл авах хүсэлтээ дээрх аймгийн удирдлагуудад хандан гаргаад байна” хэмээн хэллээ.