
УИХ-аар ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлын талаар зээлгүй ахмадуудын төлөөлөл Сүхбаатарын талбайд өнөөдөр /2020.01.10/ жагслаа. УИХ-аас уг хуулийн төслийг сайжруулах чиглэл бүхий ажлын хэсэг байгуулагдаж, тэтгэврийн зээлгүй 194 ахмадуудад 1 сая төгрөгийн ваучер бэлэглэх саналыг оруулан, дэмжүүлээд буй.
Уг жагсаалд оролцож буй ахмад настнууд “Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал нь зөв ч хуваарилалт нь тэгш бус байгаа юм. Иймд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг тэгш хуваарилах асуудлын хамгийн нэгдүгээрт тавьж оруулсан. Гэтэл энэ үндсэн хуульд заасан байдлыг зөрчиж байгаа. Тиймээс ахмадуудынхаа нэг хэсгийг нь гомдоосон шийдвэр гаргаж байгаа нь маш буруу үр дагавартай” гэж тус жагсаалд оролцсон иргэд өөрсдийн саналаа хэллээ.
Мөн жагсаалд ШИНЭ нам оролцов. Тус намаас жагсаалын үеэр иргэдээр гарын үсэг зуруулсан. Жагсаалд оролцогчид гарын үсэг зурах ажиллагаанд идэвхтэй оролцжээ.
УИХ-ын гишүүн Л.Болд “Та бүхэн тэтгэврийн энэ тэгш бус хуваарилалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн гарын үсгээ зурах хэрэгтэй байна. Бид улсын их хурлын чуулганаар та бүхний эсэргүүцсэн гэсэн гарын үсгийг гардуулж, шаардлагын бичиг өгөх болно. Өнөөдөр хүчээр энэ хуулийг гаргах юм бол ирэх долоо хоногт ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлнэ” гэлээ.