
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек нар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэхдээ "Эхний ээлжийн 20 мянган ширхэг угаарын хий мэдрэгч ирсэн. Төвийн зургаан дүүргийн өрх бүрт тараах ажил өнөөдрөөс эхэлж байна. Дүүрэг тус бүрийн хүн амын тооноос хамааран эхний ээлжид Хан-Уул 1285, Баянзүрх 5000, Чингэлтэй 3450, Баянгол 1422, Сонгинохайрхан 6933, Сүхбаатар дүүрэгт 1902 өрхөд угаар мэдрэгчийг тараахаар төлөвлөсөн. Угаарын хий мэдрэгчийг зааварчилгаа, зөвлөмжийн мөн хамт тараана" гэсэн мэдээллийг өглөө.
Мөн дараагийн 60 мянган ширхэг угаарын хий мэдрэгч энэ долоо хоногт ирнэ. Ингээд тасралтгүй гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажил хийгдэж дуусна гэдгийг албаныхан энэ үеэр онцолж хэлэв.