
Өнөөдөр (2020.01.13) Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдөр тохиож байна.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Ойн хүрээнд Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болсон бол “Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шагналтнуудыг тодруулж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол боллоо.
Түүх сөхвөл, одоогоос 28 жилийн өмнө 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их Хурлаас Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталснаар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг тунхагласан билээ.