
Энэ оноос эхлэн цэцэрлэгийн багачуудын хоол, сурагчдын үдийн цай, дотуур байрны сурагчдын хоолны орц хэмжээ, амт чанар, илчлэгийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2,475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3,600 төгрөг байхаар болжээ. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3,475 төгрөг болгосон байна.
Мөн 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2,400 төгрөг байхаар шийдвэрлэсэн.
2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1,650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2,400, дотуур байрны хүүхдийнх 2,315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.