
Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас оны шилдэг тайз дэлгэцийн уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулагддаг бөгөөд соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, туурвисан бүтээл, түүний үр дүн, ач холбогдол, улсын болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож гаргасан онцгой амжилтыг үндэслэн оны шилдэг уран бүтээлчид “Мөнгөн мод” цомыг гардуулдаг уламжлалтай.
Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, МУСТА, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар “Шилдэг бүжигчин” номинацид 12 шилдэг бүжигчний хамт нэр дэвшиж, 2019 оны Монгол улсын “Шилдэг бүжигчин”-ээр шалгарч батламж, “Мөнгөн мод” цомын эзэн боллоо.