
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 6-нд Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 29 настай эмэгтэй "өөх соруулах" мэс засалд орж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулж энэ сарын 14-ний өдөр прокуророос "Тод Каннам" эмнэлгийн ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл прокурорын дээрх дүгнэлтийг хохирогчийн гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хохирогчийн эцэг С.Гүнсамбуу "Хань бид хоёр хайртай ганц эрдэнээ алдаад 9 сар болж байна. Энэ хугацаанд шүүх, прокурорын байгууллагаар явсаар өдийг хүрлээ. Бид хуулийн байгууллагад хэргийг үнэн зөвөөр шийдвэрлээд өгөх болов уу гэж итгэж явсан. Гэвч прокуророос тус эмнэлгийн зөвхөн хоёр ажилтныг яллагдагчаар татсан байна. Тэр хоёр хүний цаана хуулийн этгээд буюу эмнэлгийн захирал н.Тод-Ням гэж хүн бий. Тэр хүн хуулийн хариуцлага хүлээх ёстой. Энэ эмнэлгийн хохирогч нь дан ганц миний охин биш. Миний охин шиг хагалгаа хийлгээд эд эрхтнээрээ хохирсон олон хүн бий. Тэд бидэнтэй нэгдэх санал тавьсан.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдаас энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хэрэв Монгол Улсын шүүх миний охины хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхгүй бол би олон улсын шүүхээр явж, хүний эрхийн байгууллагад хандана. Монголын ард түмнээс надтай хамт дуу хоолойгоо нэгтгээч гэж хүсэж байна" гэлээ.
"Тод каннам" эмнэлэг 9 сарын хугацаанд талийгаачийн гэр бүлд огт эмгэнэл илэрхийлээгүй бөгөөд оршуулгын зардлыг ч гаргаж өгөөгүй хэмээн хохирогчийн эцэг ярьж байв.
Өмгөөлөгч Л.Баасанжав "Мэс засал хийсэн эмчийг мэргэжлийн бус хүн байсан гэж мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргасан. Үүгээр зогсохгүй, "Тод каннам" эмнэлэг нь өөх соруулах мэс засал хийх тусгай зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Иймд ажилтнуудаас гадна хуулийн этгээд хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн эмнэлгийн захирал н.Тод-Нямыг шалгах ёстой. Тэр хүн ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй бөгөөд хэргээс мултрах гэж байна" гэсэн юм.