
Хилийн чанадад суугаа алдарт эхийн одонгийн болзол хангасан эхчүүдэд одонг нь суугаа оронд нь олгуулах талаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-аас холбогдох байгууллагад нь хүсэлт тавьсан байна. Үүний үндсэн дээр 2019 онд алдарт эхчүүдэд суугаа орных нь ЭСЯ, ДТГ-тай хамтран ажиллаж байсан.
Харин энэ удаад Монгол Улсын иргэн алдарт эхийн нэг, хоёр дугаар одонгийн болзлыг хангасан бол 2020 оны 04 сарын 01-ний дотор суугаа болон хавсран суугаа орны ЭСЯ, ДТГ-т холбогдох материалаа бүрдүүлж өгнө. Хүүхдийн баяраар буюу зурагдугаар сарын 1 нд одонгийн мөнгийг олгуулах зорилготойгоор холбогдох материал, хүсэлтийн хамт эхчүүдийн мэдээллийг нэгтгэх юм байна.
Бичиг баримтын баталгаажуулалтыг Элчин сайдын яам, ДТГ-т хийлгэж холбогдох мэдээллийн хамт ЭСЯ, ДТГ-ууд нэгтгэж ГХЯ-нд илгээх юм. Улмаар ГХЯ -аар уламжлуулан Ерөнхийлөгчийн тамгын газарт одон олгуулах саналыг хүргүүлэх болно.
Эхчүүдээс E паспорт эсвэл иргэний цахим үнэмлэхний хуулбар, 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс өмнө бага хүүхэд нь нэг нас хүрсэн хүүхдүүдийн гэрчилгээний хуулбаруудын баталгаажуулалтыг ЭСЯ, ДТГ-т хийнэ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1.Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл
2. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
Хүүхэд нь 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, 16 насанд хүрсэн боловч иргэний үнэмлэхээ захиалаагүй бол сургуулийн тодорхойлолт /Хэрэв хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээ, архивын лавлагаа/,
4. Хэрэв бусдаас гурав хүртэл настайд нь үрчлэн авсан бол иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа
5. Хэрэв “Алдарт эх” I зэргийн одонгоор шагнуулах бол II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх
Материалыг 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл хүлээн авна. Материалаа бүрдүүлж ЭСЯ, ДТГ-ын консулын ажилтанд өгнө үү.