
Цагдаагийн хурандаа нар авилга авсан талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Бавгар” ХХК өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун "Төрийн алба хаагчид авлига авах ёстой юм шиг нэхдэг болсныг би илчлэх гэсэн юм. Хууль бидний эрхийг хамгаалах гэж байдаг болохоос хуулийн этгээд өндөр албан тушаалтан биднийг дарамтлах гэж ашиглах зүйл биш.
“Бавгар" ХХК 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын нэг хотхоныг барьж байгуулах ажлын гэрээг зурсан. Тус барилгад нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажилладаг өрх толгойлсон эмэгтэй, ажил албаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт туслах зорилгоор квот тарааж өгсөн юм. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон.
2015-2017 онд миний ээж анх энэ ажлыг гүйцэтгэж яваад 2017 оны 12 сарын 30-ны өдөр авто ослын улмаас амиа алдсан учраас ээжийнхээ ажлыг би үргэлжлүүлж байгаа нь энэ. ЦЕГ-аас ээжийг минь өнгөрөөд долоо ч хоноогүй байхад “Ажлаа хурдан хий. Хэн энэ ажлыг үргэлжлүүлж хийх юм бэ” гэж дарамталж эхэлсэн учраас "Бавгар" ХХК-ийн захирлын албан тушаалыг 2018 оноос гүйцэтгэж эхэлсэн юм.
2015-2017 онд ЦЕГ-ын ажлын хэсэг нэртэй хурандаа нар барилгын мөнгөнөөс 927 сая төгрөгийг арматур буулгасан нэрээр хувьдаа завшсан нь санхүүгийн баримт нотолгоотойгоо байгаа. Энэ асуудлаар ЦЕГ-т 2018 онд хандсан. 2019 онд ч мөн хандсан. Би бүр яриад байгаа зүйлийнхээ нотлох баримтыг хүртэл өгөөд байхад намайг дарамтлах байдлаар эргэж ярьсан. Мөнгөгүй, эрх мэдэлгүй хүмүүс мөнгөтэй хүмүүсийн хохирогч болох ёсгүй” гэлээ.