
Нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, цуглуулалт, тээвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн А/12 дугаар тушаалын дагуу Сар шинийн баярыг угтан “Хоггүй шинэлцгээе” аяныг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү аяны удирдамж, төлөвлөгөөг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, 9 дүүргийн Засаг дарга, асуудал хариуцсан Орлогч дарга, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудад танилцуулан, холбогдох үүрэг чиглэл өглөө.
Удирдамжийн хүрээнд нэн тэргүүнд дүүргүүдийн Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ одоо үүсээд байгаа хог хаягдал, ачилт хийгдэхгүй удсан хог хаягдлыг нэгдүгээр сарын 25-наас өмнө тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, Төвийн бүсийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон орон сууцны хорооллын хог хаягдлыг оройн 20:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд тээвэрлэхийг үүрэг болголоо.
Түүнчлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2020 оны 01-р сарын 24-ний өдрөөс 02-р сарын 20-ны өдрийн хооронд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх, гэрлийн шонг угаах, шон дээр наасан зарлал, наалтыг хуулах нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс хашлагыг угааж цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг сэргээх зэрэг чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэн оролцуулах, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хог тээвэрлэлтийг сайжруулах ажлыг зохион байгуулахыг тус тус үүрэг болгожээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба