
Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнг зарлалаа.
Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын үнэлгээг тооцон гаргав. Энэ оны шударга байдлын үнэлгээгээр судалгаанд хамрагдсан 62 байгууллагын дундаж үнэлгээ 74.1 гарч өмнөх оны түвшингээс 5.4 пунктээр өссөн байна. Ийнхүү өсөхөд төрөөс үйлчилгээ авсан иргэдийн өгсөн үнэлгээ 8.4 пунктээр, төрийн албан хаагчдын өгсөн үнэлгээ 4.0 пунктээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
ХААНА АВЛИГА ИХ БАЙНА ВЭ?
Судалгаанд оролцогч 9555 хүнээс “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц”-ийг асуухад судалгаанд оролцогчдын 53.3 хувь “шүүх”, 48.0 хувь нь “гаалийн байгууллага”, 44.6 хувь нь “мэргэжлийн хяналтын байгууллага” гэж хариулжээ.