
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019” оны тайлангийн үр дүнгийн талаар өнөөдөр танилцууллаа. Тус судалгааны төв найм дахь жилдээ уг судалгааны дүнг гаргаж байгаа юм.
2019 оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг 100 оноогоор тэргүүлжээ. Харин удаах байруудад 97,85 Өмнөговь, 94,53 Дорноговь, 94,02 Дархан-Уул аймаг орсон байна. Хамгийн бага буюу 37,35 оноотойгоор Булган аймаг сүүл мушгижээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И. Одончимэг "Бид аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг” гэлээ.
“Судалгааг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачилга хөтөлбөр болон Азийн сангийн зүгээс жил тутам дэмжин, хамтран ажилласаар ирсэн. Ийнхүү судалгааг хийснээр Монгол Улсын 21 аймгийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, хэмжүүрийг бий болгох ач холбогдолтой" гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми хэлэв.
Судалгааг хийсэн хугацаанаас дүгнэн харвал,
-Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо жилээс жилд өсөх хандлагатай байна
-Хамгийн тогтвортой байгаа бүлэг нь дэд бүтэц бөгөөд өсөх хандлагатай байна
-Харин эсрэгээрээ хамгийн тогтворгүй онооны хувьд өөрчлөлтүүд их байдаг бүлэг нь засаглалын үр ашиг бүлэг байгааг судалгааны багийнхан мэдээллийн үеэр онцоллоо.