
Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн багш, ажилчдын цалин болон санхүүтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус сургуульд багш ажилчид нийлээд 76 хүн ажилладаг байна. Эдгээр багш ажилчид 20 сая төгрөгөөр хохирсон талаар мэдээлэв.
Уг асуудлын талаар хэлэхдээ “2018 оны есөн сард манай сургуульд нягтлан бодогчоор орсон Б.Сарантуяа нь бид бүгдийг 20 сая төгрөгөөр хохироосон. Энэ хүний ажлын ур чадвар, ёс зүйн талаар сургуулийн захиргаа, БСШУСЯ-д зохих журмынхаа дагуу шалгуулах хүсэлт өгсөн боловч 2018 оноос хойш энэ асуудал шийдэгдэхгүй явсаар өдий хүрлээ. Бид шударгаар хөдөлмөрлөж авах ёстой байсан цалингаа авч чадахгүй хохирсоор байна. Яагаад энэ асуудал шийдэгдэхгүй ингэж удаад байна гэхээр Б.Сарантуяа гэх нягтлан бодогч миний ар талд том албан тушаалтан байдаг гэх үг хэллэгээрээ намайг хэн ч дийлэхгүй гэж ёс бус үйлдэл гаргаж байна. Бид энэ асуудлыг шийдүүлэхийн тулд ёс журмын дагуу явж байгаа хэдий ч үл ойшоож байгаа юм. Бид шударгаар ажиллаж хөдөлмөрлөж байхад яагаад энэ асуудлыг шийдэхгүй байна вэ? гэдэгт үнэхээр гайхаж байна” гэлээ.
116 дугаар тусгай сургуулийн үйлдвэрчний хорооны дарга, бие тамирын багш Б.Халиун хэлэхдээ “Жилийн эцэст багш ажилчид үр дүнгийн урамшуулал гэж авдаг. Тус урамшуулал нь нэг хүнд 60 хувиар тооцогдож олгодог юм. Гэтэл 2018 оны цалингийн сангаа манай удирдлагууд дутаасан. Энэ дутаасан асуудлаа шийдэхийн тулд бидний цалингийн урамшуулал болох 20 гаруй сая төгрөгийг дутаасан цалингийн сан руу шилжүүлж бидний урамшууллыг тэглэсэн. Манай багш ажилчид энэ асуудалд бухимдалтай байгаа юм.Гэтэл Б.Сарантуяа хэлэхдээ 2019 оны нэгдүгээр сард нөхөж олгоно. Та бүхэн битгий бухимдаа гэсэн боловч энэ амлалтдаа одоог хүртэл хүрээгүй бөгөөд нэг ч хүнд мөнгө өгөөгүй. Энэ асуудлаа сургуулийн захиргаанд удаа дараа тавьсан боловч одоог хүртэл энэ асуудал хэвээр байгаа юм. Мөн манай сургуулийн бүх ажилчдын долдугаар сарын нийгмийн даатгалыг бөглөөгүй бид бүгдийг хохироосон асуудал үүсээд байгаа юм. Энэ асуудлыг шийдэж өгөхийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилгээс хүсэж байна” гэв.