
Берлин хотноо “Транспэрэнси Интэрнэшнл” олон улсын байгууллагаас зарласан 2019 оны Авлигын индексээс харахад дэлхийн улсуудын гуравны хоёрт авлигатай хийх тэмцэл удааширч ухралт гарсан байна. Хөгжингүй орнуудад ч мөн адил ийм үр дүн гарсан талаар өнөөдөр мэдээллээ.
Уг судалгаанд нийт 180 орныг хамруулсан байна. Судалгааг авахдаа 13 хүртэлх эх сурвалж болон бизнесийн удирдах ажилтны санал асуулгаар 0-100 онооны хооронд тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл 0 (өндөр авлигатай) -100 (цэвэр) гэсэн үг.
Дэлхийн улсуудын гуравны хоёр нь 50 онооноос доош оноо авсан ба дундаж нь 43 оноо авчээ. 2012 оноос хойш Эстони, Грек зэрэг 22 улс орон оноогоо сайжруулсан бол Канад, Австрали, Никарагуа зэрэг 21 улс оноогоо бууруулжээ. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн авлигатай тууштай тэмцэхгүй бол ухралт гарч байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм. Монгол улсын хувьд нийт 100 онооноос 35 оноо авч, 180 орноос 106 дугаар байранд жагсжээ.
Мөн “Транспэрэнси Интэрнэшнл” олон улсын байгууллагаас зарласан 2019 оны Авлигын индексээр тэргүүлж буй орнуудад ажиглагдаж буй нийтлэг шинж нь хэвлэлийн эрх чөлөө, төсвийн зарцуулалтад тавих иргэдийн хяналт хүчтэй, шүүх засаглал нь шударга, баян ба ядуу хүмүүст тэгш хандах, төрийн бусад байгууллагаасаа хараат бус байдал зэрэг орж байна.
Харин хамгийн бага оноо авсан улс орнуудад ардчилал нь хямралтай, дайн тулаантай, засаглал нь сул, цагдаа ба шүүх засаглал нь сул хараат, хэвлэлийн эрх чөлөө сул зэрэг шинж ажиглагдаж байгааг танилцуулгын үеэр дурдсан юм.