
БНХАУ-д дэгдээд буй коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамж гарсан. Энэ дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж, заримынх нь цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн болон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглоод буй.
Өнөөдөр нийслэлийн удирдлагууд зах худалдааны төв болон Буянт-Ухаа хороололтой холбоотой хоёр асуудлаар мэдээлэл хийлээ.
Өчигдөр цахим орчинд "Архины хамааралтай хүмүүсийг Буянт-Ухаа хорооллын подвальд байршуулж, нийгэмшүүлэх гэж байна" гэх мэдээлэл тархсан. Тэгвэл "үүнтэй холбоотой Хотын даргын захирамж гараагүй" гэж НЗДТГ-аас хэллээ. Харин "энэ чиглэлээр төлөвлөсөн ажил байгаа. Гэхдээ Буянт-Ухаа хороололд байршуулахгүй" гэсэн юм.
Мөн иргэдийг төөрөгдүүлээд байгаа нэг зүйл бол зах, худалдааны төвүүд хаах эсэх асуудал. Сүүлийн хоёр хоногт иргэд Нарантуул болон бусад томоохон худалдааны төвүүдээс хүнсний бараа их хэмжээгээр худалдан авсны улмаас хүнсний хомсдол болон үнийн хөөрөгдөл үүсэж болзошгүй байгааг эрх баригчид санууллаа.
Одоогоор хотын захиргаанаас зах, худалдааны төвүүдийг хаах, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамж гараагүй байна. Ийм иргэдийг цахим орчинд тархсан янз бүрийн эх сурвалжгүй, буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг НЗДТГ-аас уламжиллаа.