
Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт, тээврийн хэрэгслийн албан татвар болон цахим татварын шинэ системийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон байна.
ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох тооцоо гарсан. Эдгээр иргэдээс 359171 иргэний 14.9 тэрбум төгрөгт эрсдэл тооцсон бөгөөд 996 иргэний 2.1 тэрбум төгрөг хянагдаж байгаа төлөвт байна. Буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнх нь олгогдох бол 996 иргэний хувьд хянагдаж дууссаны дараа шалгуур хангавал буцаан олгоно. Хуульд заасан шаардлага хангахгүй бол буцаан олгохгүй цуцлагдана.
Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт багтаан НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлаа дуусгаад Сангийн яаманд шилжүүлнэ. Хуульд зааснаар бол оны эхний улиралд багтааж олгох ёстой ч өмнөх жилүүдэд Цагаан сарын өмнө олгож байсан жишиг бий. Татварт эрсдлийн удирдлагын бүтэц ажилладаг. Эрсдлийн шалгуур нууц байдаг учир нь шалгуурыг мэдэж байвал түүнийг тойрсон байдлаар хууль бус үйлдэл хийх нөхцөл бүрдэнэ" хэмээн хэллээ.