
Улсын Онцгой комиссын шуурхай штаб өнөөдөр /2020.04.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлэхдээ “Нийслэлд 1600 орчим олон нийтийн цагдааг ажиллуулахаар хотын захиргаа болон Нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэсэн. Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй.
Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм. Хорио цээрийн дэглэмийг сахиулахад олон улсын туршлага буюу цахим үнэмлэхийн хэлбэрт шилжих талаар мөн судалж байна. Хэрэв үр дүнтэй байвал иргэд цахим картаар тодорхой маршрутаар ажилдаа явдаг журамд шилжих судалгаа хийж байна" гэсэн мэдээлэл өглөө.