
Ховор ургамлын жагсаалтад оруулсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн хадгалж байсан зөрчлийг Дорнод аймгийн Хэрлэн суманд илрүүлжээ.
Хэргийг шалгах явцад 14 кг дэрэвгэр жиргэрүүг хатаасан байдалтайгаар хадгалж байсныг хэргийн газрын үзлэг хийж, эд мөрийн баримтаар хурааж, мөрдөн шалгах ажиллагааг тус тус явуулж байна.
Үе мөчний үрэвслийн эсрэг эмийн түүхий эд болдог энэхүү нэн ховор ургамлыг түүж бэлтгэх хориотойг хуулийн болон цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа ч иргэд ийн хууль бусаар хадгалсан хэвээр.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 282 дугаар тушаалаар ховор ургамлын 1 килограмм тутмын экологи-эдийн засгийн үнэлгээг 50.000 /тавин мянга/ төгрөг байхаар тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан байна.