Баяр наадмыг зохион байгуулах комиссын ахлагч нар болон Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд Баяр наадмыг зохион байгуулах комисс гурван удаа хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргажээ. Ингэхдээ Үндэсний баяр наадмаар тулгамддаг гол хэдэн асуудлыг шийдэхийг зорьсон байна.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс энэ жилийн Үндэсний баяр наадмаар 1024 бөх барилдах бөгөөд нэг, хоёрын давааг долоодугаар сарын 10-нд зохион байгуулах аж. Мөн бөхчүүдээс тав, зургаадугаар сард допингийн урьдчилсан шинжилгээ авсан, одоогоор “бүдэрсэн” хүн гараагүйг Шадар сайд мэдээлэв. Ирэх онд иж бүрэн лабораторийн төхөөрөмж худалдан авахаар 17 тэрбум төгрөг төсөвлөсөн тул дээрх шинжилгээг эх орондоо хийдэг болох гэнэ. Хурдан морины сэрвээний өндөр, намтай холбоотой маргааныг шийдэхийн тулд дулаан мэдрэгчтэй тусгай төхөөрөмжөөр шалгадаг болж байна.
Наадмын нээлт, хаалтын тасалбар тойрсон маргаан жил бүр гардаг. Энэ удаа гадаад орнуудын Элчин сайд, Дипломат төлөөлөгчдийн газар болон хүндтэй зарим зочдыг урилгаар оруулах нь. Нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр борлуулна гэлээ. Долоодугаар сарын 11-ний өглөө болох нээлтийн үзүүлбэрийг орой нь давтах бөгөөд энэ тасалбар 50-80 мянган төгрөг байх аж. Мөн хог, нийтийн бие засах газрын асуудлыг шийдсэн гэсэн юм. Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-аас баталсан Дэлхийн адууны өдрийг долоодугаар сарын 13-нд Хүй долоо хутагт зохион байгуулахаар төлөвлөжээ.