УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцлээ.
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрийнх нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, нээлттэй дэглэмд хоёр жил хорих ял шийтгэсэн юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций дэх Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд албан тушаалаа урвуулан оролцож бусдад давуу байдал олгосон гэж тэднийг буруутган “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд мөрдөн шалгасан юм. Тодруулбал, говийн эмзэг хөрстэй, байгалийн цогцолбор газрыг дайран өнгөрдөг 407 км шороон замаар БНХАУ-ын “Страто” ХХК-ийн нүүрс угааж баяжуулах үйлдвэр рүү З.Энхболдын хамаарал бүхий хүмүүсийн “Их дэлгэмэл ингүүн” компанийнхан даац нь хэтэрсэн машинаар нүүрс тээвэрлүүлэх зөвшөөрөл олгож давуу байдал үүсгэсэн хэмээн буруутгасан билээ.
Шороон замыг улсын чанартай болгох “Авто замын ангилал шилжүүлэх” сайдын тушаал Б.Энх-Амгалан гаргаж, улмаар уг авто замыг хатуу хучилттай болгох нэрийн дор хууль зөрчин “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д түр эзэмших эрх олгохоор шийдвэрлэн говийн эмзэг хөрстэй замаар ямар ч хориглолт, хяналтгүйгээр нүүрс тээвэрлэх боломж бүрдүүлсэн. Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга, нутгийн иргэд, бусад харьяа газраас хяналт тавих, зохих арга хэмжээ авах эрхийг хязгаарласнаас олон салаа шороон зам гаргаж, тоосжилт үүсгэн, газрын хөрсийг эвдэж, малын бэлчээр устган, хүн, мал, амьтанд аюултай нөхцөл байдал үүсгэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийг хөндөж, байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөлийг үүсгэсэн нь мөрдөн шалгах ажиллагаар тогтоогдсон байдаг.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Г.Мөнхтулга, С.Болортуяа нар шийдвэрээ гаргахаар 16.45 цагт зөвлөлдөх тасалгаанд орсон бөгөөд манай сонины дугаар шилжих мөчид (20.10 цаг) шийдвэрээ гаргаагүй байлаа.