Америкийн “Үндэсний газар зүйн нийгэмлэг” (National geographic society)-ээс олгодог “Wayfinder award” шагналын эзнээр тодорсон доктор Б.Нямбаяртай ярилцлаа. Байгаль хамгаалал, шинжлэх ухаан, технологи, боловсрол, нийгмийн хөгжлийн салбарт манлайлан ажиллаж, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг судлаач, мэргэжилтнүүдэд олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг өнөө жил 15 хүнд хүртээсний дотор тэрбээр багтсан билээ. Байгаль орчны салбарынхан Б.Нямбаярыг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийг үүсгэн байгуулагч, нэртэй биологич, шувуу судлаач гэдгээр нь илүү сайн мэддэг бол мэргэжил нэгтнүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн хэмжээний эрдэмтэн хэмээн үнэлдэг юм. Тэрбээр АНУын Вашингтон хотноо хэдхэн хоногийн өмнө болсон “Explorers festival-2026” хэмээх томоохон арга хэмжээнд оролцож, “Үндэсний газар зүйн нийгэмлэг”-ээс шагналаа гарджээ. Энэ нь түүний шагналаа авснаас хойших хэвлэлд өгч буй анхны ярилцлага гэдгийг судлаач Б.Нямбаяр онцлов.
-Юуны түрүүнд танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Бужигнасан, “буцалсан” завгүй өдрүүдийн ард төрж буй мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцана уу?
-Энэ шагналыг хүртэнэ гэдэг мэдээж нэр төрийн хэрэг, бахархам үйл явдал. Америкийн “Үндэсний газар зүйн нийгэмлэг”-ээс жил болгон зохион байгуулдаг “Explorers festival” хэмээх уламжлалт томоохон үйл ажиллагаанд анх удаа оролцлоо. Энэ арга хэмжээний хүрээнд байгуулсан судлаачдын музейн нээлтэд мөн уригдлаа. Фестивалийн үеэр шагналаа ч гардлаа. Түүхэн үйл явдлууд давхар тохиосон гайхалтай өдрүүд ард хоцорлоо. Өмнө нь зөвхөн зурагтаар үзэж, гайхан биширдэг байсан зүйлсээ нүдээр харж, түүгээр ч зогсохгүй өөрөө нэг хэсэг нь болж, хүндтэй тайзан дээр шагнал гардан, дэлхийн нэртэй судлаачдад ажлаа танилцуулна гэдэг хэн хүнд тохиохгүй ховор завшаан юм. “National geographic society”-гийн судлаач гэсэн тодотгол цаашид нэрийн минь өмнө байнга дуудагдах нь. Нэг талаараа энэ нэр хүндийг өргөж, дааж явах өндөр үүрэг хариуцлага ногдож байна. Сайн яваад, сайхан шагнал хүртээд ирлээ.
-“Wayfinder award” шагналыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаач, шинжээчдэд олгодог онцлогтой. Тэдний нэг болж хүлээн зөвшөөрөгдөх хүртэлх замналаа эргэж харвал хийсэн ажлуудаасаа чухам юуг нь энэ мөчид онцлох бол?
-Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, байгаль орчны салбарт оруулсан хувь нэмрийг минь мэддэг, үнэлдэг хүмүүс намайг энэ шагналд тодорхойлж, нэр дэвшүүлсэн. Олон орны судлаач, шинжээчдийн өрсөлдөөн дундаас шилэгдэж сонгогдсон нь тодорхой түвшинд хүлээн зөвшөөрөгдсөний илрэл гэж харж байна. Зэрлэг амьтан, шувуу судлалын чиглэлээр дагнан 20 гаруй жил ажиллалаа. Энэ хугацаанд Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд нүүдлийн шувуу хамгаалал, судлалд тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулсан гэж боддог. Нэгдүгээрт, энэ үйл хэргийг минь үнэлсэн болов уу. Хоёрдугаарт, залуу судлаачдыг бэлтгэх чиглэлд ач холбогдол өгч, хүчин чармайлт гаргаж ирснийг минь үнэлсэн байх. Гадаадад магистр, докторын хөтөлбөрт хамрагдахдаа тэтгэлгээр суралцсан учраас үүнийхээ ач гавьяаг гаргахыг зорьж, залуу судлаачдыг үргэлж дэмжиж ирсэн. Түүнчлэн Монголын шувуу судлалын салбарт санаачлан хэрэгжүүлсэн ажлуудыг минь сайшаасан болов уу. Намайг сургуулиа төгсөх үед шувууны салбарт ажилладаг хүн гарын таван хуруунд багтахаар л цөөн байлаа. Харин одоо шувуу мэддэг, судалдаг хүн олон болсон. Үүнд манай байгууллагын оролцоо, хувь нэмэр их. Бид Монголд анх Шувуу ажиглагчдын клубийг үүсгэн байгуулж, түүнийг хайрлан хамгаалдаг, таньж мэддэг хүмүүсийг олон болгохын төлөө ажилласан.
-Энэ нэр хүндтэй шагналыг хүртсэнээр танд ямар боломж, давуу талууд бий болох вэ?
-Олон давуу тал бий болно. Бидэнд хийсэн ажлаа илүү боловсронгуй болгож сайжруулах боломжуудыг олгож байна гэсэн үг. Дэлхийн томоохон нийгэмлэгийн нэрээр олон улсаас судалгааны санхүүжилт татах, шинэ харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэхэд энэ шагнал үнэтэй хувь нэмэр болно. Өмнө нь бид төрийн бус байгууллагынхаа нэрээр л хамаг ажлаа хийдэг байсан бол одооноос Америкийн “Үндэсний газар зүйн нийгэмлэг” хэмээх дэлхийд танигдсан алдартай байгууллагын нэр нөлөө, хувь нэмрээр олон давуу боломжийг эдлэх таатай нөхцөл бүрдээд байна. Мөн салбарынхаа судлаачдыг энэ шагналд тодорхойлж, нэр дэвшүүлэх байдлаар бусдадаа шинэ зам нээх боломжтой. Энэ чиглэлээр залуу судлаач нартай мэдээлэл хуваалцах, сургалт зохион байгуулах төлөвлөгөө бий.
-Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийг үүсгэн байгуулагч гэдгээр нь таныг хүмүүс сайн мэддэг юм билээ. Салбартаа хүлээн зөвшөөрөгдөж, танигдах хэмжээнд тууштай ажиллахын тулд тодорхой зорилго, алсын хараа дэвшүүлсэн нь мэдээж болов уу. Та бүхэн үүндээ хүрч чадсан уу?
-Манай төв 2004 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 20 гаруй жил тогтвортой, байнгын өсөлттэй ажиллалаа. Одоогоор 31 хүнийг цалинжуулж, ажлын байраар хангахын зэрэгцээ улсынхаа шувуу судлалын салбарын нүүр царай болж байна. Шувуутай холбоотой томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд шууд болон шууд бусаар оролцож ирлээ. Монголоор тогтохгүй бүс нутгийн хэмжээнд бидний дуу хоолойг сонсдог, үнэлдэг болсон байна. Энэ бүхэн өнгөрсөн хугацаанд бидний хэрэгжүүлсэн ажлын үр дүн юм. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийг байгуулахдаа дэвшүүлсэн зорилго, зорилтдоо бүрэн хүрсэн. Яг одоо бид байгууллагынхаа дараагийн 10 жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор хийсэн ажлуудаа нэгтгэн дүгнэж, үнэлж цэгнэхэд 20 жилийн хугацаанд маш их зүйлийн ард гарчээ. Ирэх 10 жилд энэ амжилтаа ахиулахын төлөө ажиллана.
-Нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлсэн үр нөлөө, судалгаа шинжилгээний түвшинд гаргасан ахиц дэвшил зэргээр нь үнэлбэл ямар ажлуудыг эхэнд эрэмбэлэн нэрлэх вэ?
-Манай төв байгаль орчны судалгаа, олон нийтэд чиглэсэн экологийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа гээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Судалгааны чиглэлээр гэхэд шувуу судлалын салбарт хамаарах эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийнхээ тоогоор ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагуудаас өндөр үзүүлэлттэй байдаг. Бүс нутагтаа ч энэ үзүүлэлтээр тэргүүлэх түвшинд явдаг. Монгол Улсын хэмжээнд 60-аад шувууны нүүдлийн замыг тогтоох ажлыг бид хийж байна. Энэ бол манайх шиг хүн хүч цөөтэй улсад том ажил юм.
Түүнчлэн судалгааныхаа ажилд үндэслэн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авхуулах, олон улсын анхаарлын төвд оруулж, конвенцод бүртгүүлэх чиглэлээр маш идэвхтэй ажиллаж ирсэн. Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц (Рамсарын)-д Монголоос 11 газар бүртгүүлсэн байдаг. Үүний 4-5-ыг нь бүртгүүлэх ажилд манай судлаачид гар бие оролцсон. Жишээлбэл, хамгийн сүүлд Хурх, Хүйтэний голын хөндийг улсын тусгай хамгаалалтад авхууллаа. Одоо Өгий нуурыг улсын тусгай хамгаалалтад оруулахаар ажиллаж байна.
Олон нийтэд чиглэсэн үр дүнтэй ажил гэвэл Монголын шувуу ажиглагчдын клубийг нэрлэнэ. Энэ нь шувууны талаарх хүмүүсийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан кампанит ажил юм. Клубийн минь пэйж хуудас гэхэд одоо 20 гаруй мянган дагагчтай болсон байна. Клубийнхээ үйл ажиллагааг эхлүүлж байхдаа шувуу харуулна, зааж өгнө гээд хүмүүс дагуулаад Улаанбаатар хотыг тойроод уйгагүй явдаг байлаа. Одоо бидний оролцоогүйгээр ингэж явдаг хүн маш олон болсон. Мэргэжлийн хүмүүс гэлтгүй жирийн иргэд хүртэл өөрсдийн авсан зураг, дүрс бичлэгээ клубийн цахим хуудсанд хуваалцаж, өдөр тутам мэдээлэл солилцож байна. Жил болгоны уламжлалт үйл ажиллагаа болсон шувуу ажиглагчдын уулзалтад хүмүүс маш идэвхтэй хамрагддаг болсон. Энэ бол бидний хувьд маш том үр дүн.
Сургалт, судалгааны чиглэлд залуу судлаач дыг мэргэшүүлж чадавхжуулах, хүүхэд, залуусыг байгаль хамгааллын ажилд татан оролцуулах, мэдлэг, боловсрол олгох ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Одоогоор манай төвийн дэргэд сургалт, судалгааны гурван суурин үйл ажиллагаа явуулж байна. Судалгааны сууринг олон улсад төр, хувийн хэвшлийн аль ч байгууллага, их, дээд сургууль байгуулж болдог. Бид “Монголд төрийн бус байгууллага яагаад судалгааны суурин байгуулж болохгүй гэж” гэсэн сэдлээр суурингуудаа байгуулсан. Үүн дээр нэмээд говийн суурин судалгааны төв байгуулахаар ажиллаж байна.
-Ховор зүйлийн шувуудыг хамгаалах, амьдрах орчны асуудлуудыг нь шийдэх чиглэлээр танайх бодитой ажлууд хийж ирснийг мэдэх юм.
-Шувуу хамгааллын гол цөмд ховордсон зүйлүүдийг хамгаалах, иргэдэд таниулах, мэдлэг, мэдээлэл олгох чиглэлийн ажлуудыг түлхүү хийж ирсэн. Цэн тогоруу, хотон, идлэг шонхор, тас зэрэг тухайлсан нэг зүйлийг хамгаалах чиглэлээр амжилттай ажилласан туршлагууд бий. Одоо ч энэ чиглэлээр ажиллаж байгаа.
Хурдан морины хөлс хусах, чийгийг нь авах зорилгоор хотонгийн хошуугаар хусуур хийх гэж улайрцгаадгаас энэ төрлийн шувуу устах ирмэгт бараг очсон шүү дээ. Бид үүнтэй холбогдуулан орон нутаг, улс, олон улсын хэмжээнд сургалт, сурталчилгааны ажлуудыг хоёр жилийн турш маш идэвхтэй хийсэн. Энэ явдал одоо бүрэн зогсоогүй ч эрс багассан. Мөн цэн тогорууг хамгаалах чиглэлээр олон жил тууштай ажиллалаа. Үүний үр дүнд Хурх, Хүйтэний голын хөндийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авхуулаад байна. Энэ мэтчилэн жишээ дурдвал маш олон ажил бий.
Хүмүүс мэдэх байх. Монголд нэг хэсэг мах чин шувууд олноороо өндөр хүчдэлийн агаарын шугамд цохиулж энддэг байлаа. Үүнийг шийдэхэд манай байгууллага тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. “Алуурчин” шонгуудыг аюулгүй болгох, тусгаарлагч байршуулах ажлуудыг хийснээс гадна өндөр хүчдэлийн шугамыг нэгдсэн стандарттай болгосон. Улсын хэмжээнд холбогдох судалгааг хийж, хаана, ямар асуудал тулгамдаж байгааг тогтоогоод, үүнийхээ үр дүнг эрчим хүчний салбарынханд танилцуулсан юм. Үр дүнд нь 15 кВт-ын шугамыг хэрхэн шувуудад ээлтэйгээр төлөвлөж байгуулах вэ гэдэг заавар бүхий стандартыг батлуулсан. Засаглалын хувьд тогтворгүй, дарга удирдлагууд нь байнга солигддог манайх шиг улсад ийм ажлыг тасралтгүй хийх ёстой юм билээ. Тэгж байж бодитой үр дүнд хүрнэ. Одоогоор энэ төслийн ажил дууссан ч цаашид үргэлжлүүлэх ёстой гэдэг нэгдсэн зөвшилцөлд хүрээд байгаа.
-Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв олон улсын түвшинд өргөн хүрээний харилцаа, хамтын ажиллагаатай гэдэг нь хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээс нь харагддаг. Тэгвэл дотоодын байгууллагуудтайгаа, тодруулбал, бодлого, шийдвэр гаргах түвшнийхэнтэй хэр уялдаа холбоотой ажилладаг вэ?
-Янз янз л байдаг. Төр, засгийн тогтворгүй байдлаас шалтгаалаад харилцан адилгүй. Ойлгоод дэмжих нь байхад ойлгохгүй цааш түлхэх нь ч бий. Харин сүүлийн жилүүдэд үндэсний төрийн бус байгууллагуудаа дэмжиж ажилладаг хандлага байгаль орчны салбарт нэмэгдэж байна. Монголын байгальд орчны салбарт томоохон ажлуудыг олон улсын байгууллагууд голдуу хийж ирсэн. Нэг хэсэг бүхнийг олон улсын байгууллагынхнаар хийлгэдэг, хийлгэх гэж оролддог үе байлаа шүү дээ. Одоо бол үндэсний чадавхтай байгууллага олширсон. Юмс өөрчлөгдөж байгаа нь сайшаалтай.