
Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй зорчих хэсгийн, зохицуулдаггүй гарцаар хүүхэд гарч байгааг жолооч нарт анхааруулах зорилгоор Яармагийн зам дагуу найман цэгт 14 ширхэг гэрэл ойлгогч макетуудыг байршуулсан байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон бол 2020 оны эхний найман сарын байдлаар зам тээврийн осолд 317 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 313 хүүхэд гэмтэж, 48 хүүхдийн амь нас хохирсон байна.
Зам тээврийн осол, хэргийн улмаас амь насаа алдсан хүүхдийн 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан ба тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж онхолдох үед хамгаалах бүс болон зориулалтын суудал хэрэглээгүйн улмаас цонхоор шидэгдэх, тээврийн хэрэгсэлд дарагдаж амь насаа алджээ. 20 орчим хувь нь хүүхэд эцэг, эх асран хамгаалагч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ хайхрамжгүй хөдөлсний улмаас автомашинд дайруулсан бол үлдсэн 10 орчим хувь нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осолд өртсөн байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар иргэдэд зам тавин өгч, замын хөдөлгөөнд хурдаа тааруулан, дүрмийн дагуу соёлтой оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.