
БШУЯ-наас зургаа дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад бакалавр, доктор, судлаач, оюутан хөтөлбөрт 2020 оноос суралцах эрх авсан хоёр дахь ээлжийн 59 оюутан батламжаа өнөөдөр гардан авлаа. Тодруулбал, бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 49, докторын 6, судлаач оюутнаар суралцах 4, нийт 59 оюутан, багш судлаач Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 11-нд тусгай нислэгээр арлын орныг зорих юм.
2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 670 оюутан, судлаач багш төслийн хөтөлбөрүүдэд хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 67 хувийг эзэлж байна.
Батламжаа гардсан оюутнууд бүгд инженерийн мэргэжлээр 2-3 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ таван жил ажиллах болзолтой Япон улсыг зорьж буй юм.
Болзол хангасан оюутнууд жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлэн тус улсад суралцдаг уламжлалтай. Энэ онд дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас төслийн оюутнууд Япон улс руу явах хугацаа хойшлогдож дөрөвдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл цахимаар хичээллэж буй. Төслийн Коосэн хөтөлбөрийн 34, бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 16, нийт 50 оюутан өнгөрсөн сард Япон улсад суралцах батламжаа авч тус орныг зорьж одоогоор тус тусын сургуулиудад мэргэжлийн чиглэлээр суралцаж эхлээд байна гэж уг төслийн зохицуулагч Д.Намсрай хэлэв.