Урбан арт, граффит зураг гэх үг бидний танил болоод удаагүй байгаа. Хип хоп дуулдаг хөвгүүдтэй холбон ойлгодог граффит зураг өдгөө урлагийн бүтээлийн хэмжээнд хүрч, энэ төрлийн үзэсгэлэн саяхан “Занаду арт” галерейд нээгдсэн юм. Зураач Б.Анхбаярын бага насных нь мөрөөдлийг биелүүлсэн анхны бие даасан “Өдрүүд” үзэсгэлэнд нь зочиллоо.
-Урбан арт төрлөөр Монголд гарч буй анхны үзэсгэлэн нь “Өдрүүд” мөн үү?
-Анхных гэж хэлэхэд хэцүү. Өмнө нь “Red crew”-ийн залуус хамтран үзэсгэлэн гаргасан юм. Харин нэг хүний уран бүтээл дангаараа байгаа гэдэг утгаар анхных байж болох юм.
-Та стрийт артын яг ямар чиглэлээр уран бүтээлээ туурвидаг вэ?
-Характер буюу дүр илэрхийлэх төрлөөр дагнан зурдаг.
-Эдгээр зургаар юу илэрхийлэхийг хүссэн бэ?
-Хэд хэдэн санаа бий. Гэхдээ гүнзгий утга санаа илэрхийлэхийг зорьдоггүй. Надад хамгийн ойр байгаа зүйл бол миний сэтгэл хөдлөл. Тиймээс урлагийн ертөнцөд өнгөрүүлсэн миний өдрүүд ямар өнгө төрхтэй байсныг энэ зургууд харуулж байгаа юм. Үзэгчид ч гэсэн тэр сэтгэл хөдлөлийг мэдэрч байвал миний зорилго биелж буй хэрэг.
Б.Анхбаяр бага насаа Польшт өнгөрүүлжээ. 1994 оноос хойш гэр бүлийнхэнтэйгээ Варшавт амьдрах болсон нь түүнийг граффит урлагт дурлахад хүчтэй нөлөөлсөн гэдэг. Тэрбээр зураач болно гэж хүсэж, мөрөөдөж байгаагүй. Харин эмч болох зорилготой байсан юм билээ.
-Би 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд шалгалт өгтөл тэнцсэн. Я.Оюунчимэг багшийн урланд орж, энэ агуу хүнээр урлагийн ертөнцөд замчлуулснаар мэргэжилдээ дурласан юм. Тиймдээ ч багшаараа бахархаж явдаг. Сургуулиа төгсөөд зурж эхэллээ. Миний гараас яг л ийм бүтээл гараад байдаг. Багын хүсэл мөрөөдөл маань зурагт буусаар 50 гаруй бүтээлтэй боллоо. Мэдээж энэ хүртэл олон юм үзсэн л дээ.
-Ээж, аав чинь зурах дуртай байсан уу?
-Ээж зураач болохыг хүсдэг байсан гэсэн. Харамсалтай нь хүссэн мэргэжлээрээ сурах боломж олдоогүй юм билээ.
-Хамтарсан үзэсгэлэнгүүдэд бүтээлээрээ оролцож байв уу?
-Манайхан баатар, байгаль л зурдаг. Монголын урчуудын эвлэл ч үндэсний урлагаа хөгжүүлэх зорилгоор иймэрхүү бүтээлийг дэмждэг. Би үзэсгэлэнд оролцохоор байнга бүтээлээ өгдөг ч тэд хүлээн зөвшөөрдөггүй.
-Та гудамжны ханан дээр зурж үзсэн үү?
-Граффит эхэндээ миний хообий байсан. 2003 онд Монголд ирснийхээ дараа бар, диско клубээс захиалга авч тохижуулдаг байлаа. Хамгийн том захиалгыг Эм-Си-Эс өгч, би залууст зориулсан танхимынх нь ханын зургийг хийсэн. Гудамжны ханан дээр зурж үзээгүй. Харин Польшт бол граффит зураг зураагүй хоосон хана олоход хэцүү шүү.
-Энэ төрөлд үнэнч байхын шалтгаан нь зөвхөн багын мөрөөдөл гэж үү?
-1990-ээд оны эхэн үед хип хоп урсгал Европт хүчтэй дэлгэрч, үүний нөлөөгөөр граффит урлаг ч хөгжсөн. Граффит бол жинхэнэ урлаг. Зураач нар нь мөнгөний төлөө биш үзэл бодлоо илэрхийлэхийн тулд сайн дураараа зурдаг юм.
-Та нарыг шүршдэг будгаар ханан дээр зурдаг гэж ойлгодог. Харин таны бүтээлийг харахад олон төрлийн арга техник ашигласан байна.
-Эхлээд граффит, дараа нь гудамжны урлаг гэгдэж байгаад урбан арт болж өргөжсөн. Одоо бол илэрхийлэл, арга техник нь олон янз болсон байна. Тоглоом, хувцас загварын ертөнцөд ч энэ төрлөөр туурвиж болно.
-Цаашид ямар төрөлд өөрийгөө сорих вэ?
-Богино хэмжээтэй кинонууд хийх санаатай анимэшн сонирхон, суралцаж байна.
-Монгол болон гаднын зураач нараас хэний бүтээлд илүү дуртай вэ?
-Манай багшийн нөхөр До.Болд гуайн үзэсгэлэн саяхан гарсан. Тэнд тавигдсан цуврал зургийг харахад утга санаа нь миний сэтгэлд шүлэг болон бууж байсан. Уг нь би монгол хэлний хичээлдээ их тааруу хүн. Тэгэхээр тэр зураач ямар агуу вэ. Угаасаа зураач хүний бүтээл сэтгэлээс нь ундардаг. Харин гаднын зураач нараас өнгөрсөн үеийнхний бүтээлд дуртай. Тухайлбал В.Ван Гог нарын алдартнуудын туулсан замналыг би ч давж гарч байгаа.
Сургууль төгсөхдөө өөртөө итгэлтэй, эрч хүчээр дүүрэн байлаа. Дараа нь энэ хүч үгүй болсон. Харин одоо бол бие даасан үзэсгэлэнгээ гаргаснаар тодорхой амжилтад хүрч байна. Утгагүй мэт санагдах нэг цэг ч түүнд хүндтэй. Урланд байрласан гурван Х анхаарал татав. Энэ бол түүний бурханд итгэхгүй болсон тэр нэгэн өдрийн сэтгэл хөдлөл. Өөрийгөө, бурхныг, бас бүхнийг үгүйсгэж байгаагаа тэрбээр энэ гурван тэмдэгтээр өгүүлсэн юм билээ.
Ж.Солонго