2024 онд зам, тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 27.6 хувиар өссөнийг Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр мэдээлэв. Монгол Улсад бүртгэгдсэн зам, тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээллээс харахад хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн 3167 гэмт хэрэг үйлдэгдэж, 1710 иргэн хохирсноос 358 нь харамсалтайгаар амиа алджээ. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1824 осол бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд зам, тээврийн осолд холбогдсон 22 337 тээврийн хэрэгслийн 74.5 хувийг 11-ээс дээш жилийн насжилттай автомашин эзэлжээ. Тээврийн хэрэгслүүдийг маркаар нь ангилж үзвэл “Toyota рrius” хамгийн олон буюу 8143 осолд холбогдсон бол дараа нь “Toyota Aqua” 1555 удаагийн ослоор удаалсан аж.
Г.Сансар