Оюутны спортын универсиад VI наадам ирэх дөрөвдүгээр сарын 15-26-нд Улаанбаатар хотод болно. Уг наадмыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо, их, дээд сургууль, спортын холбоод хамтран улсын хэмжээнд зохион байгуулна. Наадам хоёр үе шаттай. Монголын их, дээд сургууль, коллеж, салбар сургуулийн дунд нэгдсэн зааврын дагуу волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис зэрэг зуны спортын 10 төрлийн тэмцээнийг энэ сарын 20-ноос эхлэн явуулах аж. Анхан шатны эл тэмцээнээс шалгарсан баг, тамирчдын дунд шигшээ наадмыг дөрөвдүгээр сард нэгдсэн журмаар зохион байгуулах юм байна.
Наадамд оролцох оюутнууд 18-25 настай, их, дээд сургуульд нэгээс доошгүй жил суралцсан байх ёстой. Мөн наадамд нэг тамирчин спортын нэг л төрөлд оролцох боломжтой. Спортын төрлийн зай, жин тус бүрд медаль хүртсэн баг, тамирчид, байгууллагын дүнгээр эхний гурван байрт шалгарсан дасгалжуулагчдыг шагнах гэнэ. Мөн нэгдсэн дүнгээр эхний зургаан байрт орсон их, дээд сургуулиудыг онооны журмаар дүгнэн, 1-6 сая төгрөгийн урамшуулал олгоно. Уг наадам өмнө нь дөрвөн жил тутамд (2005, 2009, 2013, 2017 онд) нэг удаа болж байсан. Тэгвэл 2018 оны Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу 2020 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. 2022 онд болсон наадамд 33 их, дээд сургуулийн 1800 гаруй оюутан оролцож, МУИС-ийн тамирчид тэргүүн байрт шалгарчээ.