Төрийн өмчийн томоохон музейнүүд өчигдрөөс зуны цагийн хуваарьтаа шилжлээ. Тухайлбал, Монголын үндэсний музейн “Чингис хаан”, Богд хааны ордон музейнхэн цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулснаа өчигдөр мэдэгдэв. Монголын үндэсний музейнхэн өдөр бүр 09.00-21.00 цагт ажиллаж, есөн танхимаа болон тусгай үзэсгэлэнгүүдээ олон нийтэд толилуулах нь. Мөн “Чингис хаан” үндэсний музей энэ зуны хугацаанд өдөр бүр 09.00-20.00 цагт үйлчлүүлэгчдээ хүлээн авах аж. Харин тасалбарын кассаа хаах цаг нь 19.00 юм байна. Түүнчлэн Богд хааны ордон музейнхэн өдөр бүр 09.00-19.00 цагт нээлттэй байх нь. Сүүлийн үзэгчийг 18.00 цагт хүлээн авах аж. Музейнүүдийн зуны цагийн хуваарь есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Ташрамд дурдахад, Олон улсын музейн өдөр энэ сарын 18-нд тохионо. Эл өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот дахь музейнүүд хамтран “Музей боловсрол, судалгааны төлөө” уриатай арга хэмжээг маргааш Чойжин ламын сүм музейд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр музейнүүдийн нь соёлын солилцоог өрнүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа боловсролын хөтөлбөрийг танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулах аж.
Бэлтгэсэн: М.Оч