Дархан-Уул аймгийн загасчлалын спортын холбооноос зохион байгуулсан “Дархан цом-2025” тэмцээнд 25 багийн 150 гаруй тамирчин оролцлоо. Бурхантын өвлийн наадмын үеэр болсон тус тэмцээнийг олон үзэгч ирж сонирхжээ. Тэмцээний үеэр цооног өрөмдлөгийн уралдаан явуулахад “Дархан” клубийн тамирчин Д.Амгалан хошуучлан таван нүх өрөмдөж түрүүлсэн байна. Оролцогчдоос хамгийн том загас барьсан тамирчны шагналыг “Найзууд” клубийнхнээс Б.Балхүү хүртэв. Тэрбээр нэг кг 320 граммын жинтэй алгана загас барьжээ. II үед 75 загасчин оролцсоноос ганцаарчилсан төрөлд хувийн дүнгээр “Найзууд” клубээс Ж.Мөнхтөр алт, “Чоно”-ынхноос Б.Батбилэг мөнгө, “Про40”-ийнхнөөс Б.Мөнхтөр хүрэл медалийн эзэн болсон юм. Багийн төрөлд нийлбэр дүнгээр “Найзууд”-ын II баг тэргүүлсэн бол I баг нь удаалж, “Яргай”-гийн I багийнхан III байр эзэлжээ.