Францын Шампейн эн Вануаз хотод болсон мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын гурав дахь цуврал тэмцээнд Монголын баг өрсөлдсөн. Тэднээс эмэгтэйчүүдийн хурдны төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт, аялал жуулчлалын ангийн оюутан, ОУХМ Н.Сэлэнгэ алтан медаль хүртлээ. Хошой аваргаар тодорсон тэрбээр өмнө нь БНСУ-ын Чонсон, Швейцарын Саас-Фи хотод болсон эхний хоёр цувралаас алт, мөнгөн медаль зүүсэн билээ. Тэгвэл эрэгтэйчүүдээс түүний ах, ОУХМ Н.Хэрлэн мөн хурдны төрөлд хүрэл медаль зүүв. Түүний хувьд дээрх тэмцээнээс тав дахь медалиа гардаж байна. Манай тамирчид дээрх тэмцээний дараа АНУ-ын Лонгмонт хотод энэ сарын 21-23-нд болох дөрөв дэх цувралд өрсөлдөнө.