Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгыг хүндэтгэн залах ёслол энэ сарын 1-нд боллоо.
Их хааны өргөөний шүтээн эрдэнэ болох Чингис хааны алтан хөшөө нь 14 тонн жинтэй, долоон метрийн өндөртэй юм байна. Эл хөшөөг бүхэлд нь алтаар бүрсэн бөгөөд нийт долоон кг үнэт металл зарцуулжээ. Чингис хааны идэр залуу буюу Их Монгол Улсыг эрхшээн захирч байсан үеийн дүр төрхийг уг хөшөөнд мөнхөлснөөрөө онцлогтой юм. Энэхүү хөшөөний загварыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд гаргаж, Итали улсын Флоренц хотод урласан гэнэ. Харин их хааны хасбуу тамгыг 999 сорьцтой 100 кг цул алтаар бүтээсэн аж.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Чингис хаан” үндэсний музей, Монголбанкныхан хамтран их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор “Чингис хаан” үндэсний музейн Их хааны өргөөнд алтан хөшөөг ийнхүү залжээ.
Гэвч Чингис хааныхаа хөшөө бүтээлгэж, алтаар бүрэх бус, билиг сургаалыг нь түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд таниулах нь илүү чухал гэж иргэд шүүмжилсээр байна.
У.Цэцэгсүрэн