Монголын дартсын спортод Ганбатын Сүрэн хэмээх бүсгүй хөл тавьсан цагаасаа цахиур хагалаад багагүй хугацааг үдсэн. Түүн шиг УАШТ-д таван удаа түрүүлж, ОУХМ цол хүртсэн тамирчин хуруу дарам цөөн. Тэрбээр өдгөө хичээл зүтгэлээрээ залуу тамирчдад үлгэр дуурайл болж яваа. Бусад спортын төрлийг бодвол дартсд нас харгалздаггүй. Хэдэн насандаа ч хичээллэж болдог онцлогтой. Үүгээр хожуу хичээллэсэн ч богино хугацаанд амжилт гарган, үеийнхнээсээ түрүүлж, цойлсон түүний авьяас, ур чадвараар хөгжөөн дэмжигчид их бахархдаг. Даруу зан, дайчин, шийдэмгий тоглолтоороо дартсын талбарт нэрийн хуудас болж, бууриа засан, байр сууриа эзэлсэн түүнийг зочноор урилаа.
-Тамирчдын спорттой нөхөрлөсөн түүх сонирхолтой санагддаг. Тогооч мэргэжилтэй таныг дартс соронз шиг татсан гэхээр гайхдаг юм.
-Оюутан байхдаа нэг ресторанд дадлагын тогоочоор очихдоо энэ спортын талаар анхны мэдэгдэхүүнтэй болж билээ. Хүмүүс орой болохоор хоол идэнгээ хөл бөмбөгийн тэмцээн үзэж, дартс тоглодог байв. Нэг өдөр үзэгчдийн дунд дартсын тэмцээн зохион байгуулж ширээ тус бүрээс нэг хүн сонгон, гурван сум шидүүлж, хамгийн өндөр оноо авсныг нь шагналтай тэмцээнд оролцуулахаар болов. Тухайн үед хараад “Энэ ямар сонирхолтой спорт вэ” гэж бодсон. Маргааш нь хүмүүсийг ресторанд цуглахаас өмнө хэдэн сум шидэж үзтэл болмоор санагдлаа. Монголын дартс сонирхогчдын холбоог2010 онд байгуулахад анх тамирчдынх нь нэг болсон юм. Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар зохион байгуулсан дартсын тэмцээнд түрүүлж, урам авсан. Түүнээс хойш 15 жил тууштай хичээллэж байна.
-Таныг үүгээр хичээллэхэд хүчтэй нөлөөлсөн хүмүүс бий л байх.
-Ахмад тамирчид сар бүр тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ тодруулдаг байлаа. Тэднээс улсын хошой аварга Ц.Баатар эгчийг харж, эл спортод дурласан. Тэр үед дүүрэг бүрд дартсын клуб нээгдсэнээр хүүхэд, залуус сонирхож хичээллэх болсон юм. 2010 оноос хойш өсвөр үеийнхэн хүч түрэн орж ирснээр хичээллэгсдийн хүрээ тэллээ. Спортын төрөл бүр олныг татах увдистай. Дартс хүний шарыг их хөдөлгөж, хурцалдаг. Анх хичээллэж буй хүнд амархан сураад хожчихмоор харагддаг. Харин хичээллэхээр олон сорилт, шалгууртай тулгарна.
-Таныг шавьтай болсон, түрүүчээс нь тэмцээнд сойгоод эхэлсэн гэж сонслоо.
-Би Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийнхэнтэй хамтарч, тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 30 гаруй сурагчид сургалт явуулаад гурван сар боллоо. Тэдний дунд дартсаар хичээллэж, амжилт гаргах сонирхолтой хүүхэд бий. Өсвөр үеийнхний чансаа тогтоох тэмцээн өнгөрсөн сард болоход зургаан хүүхэд оролцсоноос гурав нь хэсгээсээ гарч, эхний нугалаан дээр хожигдсон. Монголын дартс сонирхогчдын холбооноос улирал бүр зохион байгуулдаг чансаа олгох тэмцээнд шавь нар минь оролцоно. Миний хувьд өмнө нь шавьтай болно гэж бодож байгаагүй. Сургагч багш болсноор тэдэнд энэ спортын талаар зөв мэдлэг олгож, тэмцээний үед олны дунд биеэ хэрхэн авч явах, оноо яаж авч, амжилт гаргаж болох зэргээр мэдээлэл өгч байна. Эхэндээ багш гэж хэлүүлэхдээ нэг л дасахгүй, “Багш нь” гэдэг үгийг хэлэхэд хүртэл амаргүй санагдаж байлаа. Харин одоо дасаж, “Багш аа” гэж дуудуулах дуртай болсон.
-Амжилтын гараагаа хэрхэн эхлүүлснээ тамирчид дурсах дуртай байдаг даа.
-Алтан медалиар эхлүүлсэндээ их бэлгэшээдэг. Монголын дартсын холбооны УАШТ 2011 онд болоход анх удаа оролцож, хосын төрөлд хүрэл медаль хүртсэн юм. 2013 онд дахин оролцохдоо Д.Эрдэнэчимэг аваргатай алтан медалийн төлөө тоглож, дэд байр эзэлсэн. Тэр тэмцээн одоо ч миний сэтгэлээс гардаггүй. Тэмцээний уур амьсгал, үзэгчдийн хандлага сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, хүнд цохилт болсон. Тэр үед одоогийнх шиг оролцогч ихтэй байгаагүй. Эрэгтэй, эмэгтэй нийт 300 гаруй тамирчин ур чадвараа сорьдог байв. Аваргын төлөөх тоглолтод бүх хүн миний эсрэг байгаа мэт санагдсан. Үзэгчид намайг басаж, өрсөлдөгчийг маань илт давуу дэмжсэн нь өнөөгийн амжилтад хүрэхэд нэг талаар хурцалж өгсөн гэж боддог. Хүнийг ялгаварлаж харилцах хандлагыг үзэгчдээс тэр үед анзаарсан юм. Д.Эрдэнэчимэг эгч Австри улсаас эх орондооирээд удаагүй байсан үе. Тэрбээр сайн тоглодог шилдгүүдийн нэг. Би тэр үед 20 гаруй настай, үеийн гэх тамирчин цөөн. Надаас 10 гаруй насаар ах, эгч нар дартсаар ид хичээллэж, амжилт гаргадаг байсан цаг. Тиймээс үзэгчдийн олонх нь үеийнхээ тамирчныг дэмжсэн болов уу.
-Аваргын төлөө тоглох амаргүй. Олны итгэлийг алдахгүй байх үүрэг, хариуцлагыг илүү мэдрүүлдэг болохоор заримдаа дарамт болдог тал анзаарагддаг уу?
-Өөртөө ачаалал их өгдөг болохоор заримдаа хүнд ачаа шиг санагдах үе бий. Миний хувьд тоглолтын талбарт гарахын өмнө “Энэ давааг л амжилттай давчихвал уужим амьсгаа авна даа” гэж боддог. Ганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөө долоо удаа шалгарсан. Үүнээс улсын аваргаар таван удаа тодорч, хоёр удаа дэд байр эзэлж байв. Би тэмцээнд оролцох бүрдээ өрсөлдөгчөө басаж, дутуу үнэлдэггүй. Харин “Юу сурснаа одоо харуулна. Байгаа бүхнээ дайчилж гаргаад ялна” гэж тоглодог. Аваргаа хамгаална гэдэг амаргүй. Түрүүлэх боломжийг олж харсан бол өмнөх авсан медалийнхаа өнгийг өөр болгох эрхгүй шүү дээ.
-Ганцаарчилсан болон хосын төрөлд цөөнгүй түрүүлснийг таньсанаж байна. Олон ч тэмцээний түрүүг авсан шүү дээ.
-Үүнээс гадна холимог хосын төрөлд түрүүлсэн. Амжилт амархан ирдэггүй. Олон зүйлээр шалгаж, сорьдог. Шантрах үетэй нүүр тулсан ч урам авсан нь олон. 2016 онд болсон УАШТ-ий алтан медаль надад үнэ цэнтэй ирсэн. Дартсын УАШТ өвөл болдог. Аваргын төлөө тоглохын өмнөх өдөр “Алдар” спорт хорооны зааланд зуны өмд, ботинктой тоглолоо. Дартс удаан тоглохоор хөл, гар хөлөрдөг. Хувцас давхарлаж өмсөхөөр нэг л тухгүй. Тэгсэн орой нь хоолой өвдөж, шүлс залгихад хөндүүрлээд байв. Маргааш аваргын тоглолттой шүү дээ гэж бодоод харих замдаа эмийн сангаар орж, хоолойны эм авч уусан юм. Гэртээ иртэл харшил өгөөд нүүрээр дүүрэн тууралтгарсан байлаа. Хордлого өгч, бөөлжөөд хоол ч идэж чадсангүй. Өглөө зааланд гар нь салгалж, тамир тэнхээгүй болсон нөхөр аваргын төлөөх тоглолтод оролцохоор ирлээ. Дуугарах ч тэнхэлгүй ядарсан хэрнээ бууж өгөхгүй тоглосоор түрүүлсэн. Энэ мэтчилэн сургамж болсон, бас дурсамж үлдээсэн тэмцээн бий.
-Дартс сэтгэл зүйн спорт. Тухайн тамирчнаас өндөр мэдрэмж, анхаарал төвлөрөл, орон зайн тооцоолол маш их шаардажбайгаа харагддаг.
-Ямар ч тэмцээнд бие, сэтгэл зүйгээ сайтар бэлдэж байж амжилт гаргана. Би одоо ч суралцсаар л яваа. Өөрийгөө сайн тамирчин болсон гэж боддоггүй. Хүн хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлтэй байхад хэдэн ч удаа түрүүлж болно. Өөрийгөө дайчлан тал бүрээр хөгжүүлбэл амжилтаа өмнөхөөсөө илүү ахиулах боломжтой. Миний хувьд боломж бүрийг алдахгүйг хичээдэг. Би хүүхэд байхаасаа спортод дуртай. Спортын гараагаа чөлөөт бөх, жүдогоор эхлүүлж, хоёр жил бэлтгэл хийсэн. Тухайн үед охид бөхийн төрлүүдийг нэг их сонирхдоггүй. Эцэг, эх нь ч хичээллэхийг таатай хүлээж авдаггүй байлаа. Намайг сурагч байхад дүүргийн АШТ, намрын спартакиад тэмцээний самбо, жүдо, чөлөөт бөхийн төрөлд охид оролцох нь ховор. Миний ээж ч гэсэн “Бөхийн спорт эмэгтэй хүүхдэд тохирохгүй” гээд дуртай байгаагүй. Нэг өдөр бэлтгэл хийхдээ өвдөгнийхөө зөөлөн эдийг гэмтээчихэв. Гэмтлийн эмнэлэгт очиж, эмчид үзүүлэхэд шохойдож, дасгал, хөдөлгөөн нэг хэсэгтээ хийхгүй, гам барихыг зөвлөлөө. Ээж “Чи одоо хичээллэхээ боль. Хойшдоо биегүй болно. Бүтэн эрхтэнтэй үлдэхгүй нь” гэсээр байгаад болиулсан юм. “Хоршоолол” клубийн дасгалжуулагч Баяржаргал багш намайг хайж, сургууль дээр ирэхэд нь “Манайхан намайг зэмлэж, дахин хичээллүүлэхгүй гэж дургүйцээд байна” гэж хэлээд бараг зугтах шахуу юм болж билээ. Багш хүртэл миний араас санаа тавьж ирэхийг бодоход бөхөөр хичээллэх авьяас харагдсан шиг байгаа юм.
-Бөхийн төрлөөр нэг хэсэг хичээллэсэн хүний хувьд жүдогийн “Их дуулга”, чөлөөтийн ДАШТ-ийг зурагтаар сонирхож үздэг байлгүй.
-Үзэлгүй яах вэ. Чөлөөт бөхийн нэг жинд барилддаг байсан тамирчныг “Бээжин-2008” олимпын наадамд оролцохыг хараад “Бөхийн спортоо орхилгүй тууштай хичээллэсэн бол түүн шиг олимпын дэвжээнд барилдах байсан даа” гэсэн бодол төрж билээ. Францад өнгөрсөн жил болсон “Парис-2024” олимпод жүдо бөхийн эмэгтэй тамирчдаас Б.Баасанхүүг 48 кг-ын жинд салхи хагалж, мөнгөн медаль хүртэхийг нь хараад өөрийн эрхгүй баярлаж, огшсон. Амаргүй учраануудтай таарсан ч ухаан, ур чадвар, хурд, уран мэхээрээ сонирхолтой барилдаан өрнүүлж, шагналын тавцанд зогсохыг нь хараад бахархсан даа. Чөлөөт бөхийн тамирчдын барилдааныг үзэж суухдаа “Манайханд авьяас, ур чадвар дутаагүй. Харин Парисын дэвжээнээс медаль хүртэх аз, ёндоо л дутлаа” гэж бодсон шүү.
-Томоохон тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэр бэлддэг вэ?
-Би Монголын дартс сонирхогчдын холбооны “MGL darts” клубийн тамирчин. Бэлтгэл хийхдээ, тэмцээнд оролцохдоо ч дотоод ертөнцтэйгөө ярилцдаг. Нэг сум алдвал “Дахиж алдах эрхгүй шүү. Хожил минийхболох ёстой” гэж өөртөө хэлдэг. Тоглолын уур амьсгал, үзэгчдийн дэмжиж буй байдал сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Шийдвэрлэх тоглолтын үед догдолж, сандарна. Гар чичирч, зүрх цээжиндээ багтахгүй цохилж буй мэт санагддаг. Анхаарал жаахан сарних төдийд алдаа гаргах магадлалтай тул олны дуу чимээ, таагүй бодлоос өөрийгөө чөлөөлж, зөвхөн тоглолтдоо анхаарал хандуулдаг. Тамирчны замнал, амьдрал аль аль нь хэцүү. Амжилт санаснаар ирдэггүй тул олон зүйлийг золиосолж байж зорилгодоо хүрдэг.
-Та БНХАУ-ын Шанхай хотод 2013 онд болсон олон улсын тэмцээнд оролцож байсан юм билээ.
-Олон улсын тэмцээнд анх удаа улсаа төлөөлж оролцохдоо шигшээ 16-д шалгарсан. Түүнээс хойш гурван жилийн дараа Хонконгод зохион байгуулахад нь хосын төрөлд мөнгөн медаль хүртэж байв. Тэр үед гадаадын тамирчид, тэмцээн үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчдийн өмнө аваргын төлөө тоглохдоо их сандарч байснаа мартдаггүй юм. Тэнд өрсөлдөхөөр ирсэн шилдгүүдийн ур чадварыг хараад “Монголд дартс хэзээ ингэж хөгжих бол” гэж бодож байв. Тэгвэл одоо монгол тамирчдын ур чадвар тэдний хэмжээнд хэдийн хүрчээ. Азийн орнуудад дартс өндөр хөгжсөн. Тэмцээнд амжилт тааруухан оролцдог тамирчинтай улс ховор. Манайхан ч эн тэнцүүхэн өрсөлддөг.
-Та хааяа нэг олонулсынтэмцээнд оролцохгүй байсан. Тэр үед амжуулах ажил ихтэй, завгүй явсан уу?
-Би хоёр ч удаа ойрхон төрсөн. Таван жил хүүхдүүдээ харж, ээж, эгзэгтэйн үүргийг гүйцэтгээд олон улсын тэмцээнд тэр бүр оролцоогүй. Ууган хүү одооI ангид сурдаг. Охин таван нас хүрнэ. Хамгийн сүүлд 2022 онд болсон УАШТ-д тэргүүлж, тав дахь түрүүгээ авсан. Цар тахлын хөл хорио тавигдсаны дараа хүмүүс тэмцээнд өмнөхөөсөөилүү идэвхтэй оролцсон. Тэмцээн, уралдаан болохгүй удсан тул тамирчид нэгнээ, заалаа их үгүйлсэн нь анзаарагдаж байлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон УАШТ-д 2593 хүн оролцлоо шүү дээ. Энэ нь Монголд дартсаар хичээллэх залуусын тоо нэмэгдсэнийг харуулж байна.
-Дартсын тамирчид тоглолтын талбайд баяр хөөр, эмоцио гаргадаг. Ингэхэд та хэр сэтгэл догдлолтой хүн бэ?
-Тамирчин бүр өөрийн гэсэн тоглох арга барилтай. Би хожигдож яваад хождог онцлогтой. Өрсөлдөгчийнхөө оноог хөөж барьдаг. Миний хувьд найм, 16, 18, 20-ийн зах руу шидэх дуртай. Надад дурсамж үлдээсэн тэмцээнүүд бий. 2016 оноос хойш аавынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах зорилго өөртөө тавьсан. Амжилт гаргаж, олон түрүүг авахад хичээж зүтгэсний минь үр дүн ч гарсан. 2019 онд болсон УАШТ өрсөлдөөнтэй болж, 23 цаг үргэлжиллээ. Тэмцээн зохион байгуулагчид тийм их хүн оролцоно гэж төсөөлөөгүй байх. Би төрөөд удаагүй, нялх биетэй. Тэмцээн завсарлах бүрд гэр рүүгээ яарч, хүүгээ хөхүүлнэ. Тэр жил эмэгтэй тамирчдаас хамгийн өндөр оноог авч түрүүлэхдээ шилдэг тамирчнаар шалгарсан юм. Манай хүү нэг настай байхдаа сум барьсан. Одоо дартс тоглох дуртай. Намайг бэлтгэл хийлгэхгүй “Би шиднэ” гэж сум булаацалддаг. Хааяа өдөр өнжүүлэх төвд очихгүй “Тантай хамт явж, бэлтгэл хийе” гэнэ. Хүү минь бэлтгэл хийхэд одоо нас нь арай бага байна. Самбар луу сум шидэх үед нь сайтар харахгүйбол цаана зогсох нэгнийг гэмтээх эрсдэлтэй.
-2022 онд болсон УАШТ сонирхолтой болсон шүү дээ. Монголд тэр жил Английн алдарт шүүгч, олны танил Расс Брей эрхэм урилгаар ирсэн. Таны хувьд аваргаа хамгаалж тоглосон тав дахь том шалгуур байсан болов уу?
-Тэр тэмцээн сэтгэлд мартагдахааргүй тод дурсамж үлдээсэн. Тэмцээнд ДАШТ-ий оноог зарладаг Английн алдарт шүүгч, “The Voice 180” хочтой Расс Брей манай улсад анх удаа урилгаар ирсэн нь үзэгчдийг сонирхлыг ихэд татсан. Аваргын төлөө Д.Эрдэнэчимэг эгч бид хоёр дахин таарч өрсөлдсөн юм. Дартсын тэмцээнд гурван сумаар авах боломжит хамгийн өндөр оноо нь 180. Шүүгчдийн 180 гэж оноог зарлах мөч хамгийн гоё агшин байдаг. Бид алдарт Расс Брейгээр оноогоо зарлуулах мөч Дартсын спортод ховорхон тохиох аз завшаан байлаа. Өмнө нь зурагт, youtube-ээр л хардаг байсан олны танил эрхмийг дэргэдээс нь бодитоор харна гэж төсөөлөөгүй явсан.
-Та айлын бага охин гэсэн. Аав, ээждээ эрх өссөн байх гэсэн бодол төрлөө.
-Тийм ээ, гурван эгч, нэг ахтай. Намайг гэр бүл, ах дүүс минь сайн ойлгож дэмждэг. Тэднийхээ дэмээр олон жил тууштай тоглож, амжилт гаргасан. Миний нөхөр багш мэргэжилтэй. Намайг тэмцээнд оролцсон үед нөхөр хүүхдүүдээ хардаг байлаа. Дартсаар хичээллэхийг эхэндээ нэг их дэмждэггүй, бүр эсэргүүцдэг байв. Нөхөр аажимдаа дартсд татагдаж, тэмцээнд алгасахгүй оролцдог болсноор би хүүхдүүдээ хардаг боллоо. Дартсын спортод нас харгалздаггүй. Тиймээс гэр бүлээрээ хичээллэж, амжилт гаргаж буй тамирчин олон. Тухайн тамирчин ур чадвартай бол богино хугацаанд ч амжилтад хүрч болдог. Сүүлийн үед ах дүүс, найз нөхөд, танил хүмүүс “Чамайг тэмцээнд оролцохыг зурагтаар хардаг. Хүүхдээ чиний шавь болгож, дартсаар хичээллүүлье” гэж санал тавих болсон. Энэ спорттой нөхөрлөн, амжилт гаргасан ах, эгч нараасаа суралцаж урагшилсандаа баярладаг. Миний хүндлэлийг хүлээсэн цөөнгүй тамирчин бий. Тэднээс “Хулан” клубийн дасгалжуулагч Б.Баянмөнх ах тэмцээнд оролцох бүрд минь ард зогсоод үнэтэй зөвлөгөө өгдөг. Түүний зөвлөснөөр тоглоод хожсон удаа байдаг. Энэ ташрамд, залуу тамирчдад “Бэрхшээлтэй тулгарсан ч хэзээ ч битгий шантраарай. Мөрөөдөлдөө үнэнч, зорилготой байвал амжилтад хүрэх боломжтой шүү” гэж хэлье.