Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан жүдо бөхийн “Улаанбаатар-2026 “Их дуулга” тэмцээнд 58 орны 454 жүдоч зодоглолоо. “Степ Арена”-д гурван өдөр өрнөсөн тус тэмцээнд улс бүр шилдэг тамирчдаа илгээж, жингийнхээ өрсөлдөгчидтэй хэрхэн хүч сорихыг харав. Монголын жүдо бөхийн холбоо 2022 онд “Их дуулга” тэмцээний эрхийг авснаар бөхийн хорхойтнууд жил бүр тив, дэлхийн аваргуудын гал гарсан сонирхолтой барилдааныг эх орныхоо дэвжээнээс хардаг болсон. Энэ удаа АНУ-д 2028 онд болох Лос Анжелесын олимпын эрхийн оноо олгож буйгаараа онцлог тул өмнө ирж байгаагүй жүдочид ч ач холбогдол өгч, томоохон зорилго тээж манай улсын нийслэлд хөл тавьсан нь олны анхаарлыг татаж байлаа.
Эхний өдрийн тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар салхи хагалав. Манайхаас Б.Сүхбат 60 кг-д өмнөд хөршийн тамирчин Сун Жиахао, БНСУ-ын И Харим, Азербайжаны Ахмад Юсифов нарыг буулган авч, хэсгийн аварга болсон. Хагас шигшээд Японы тамирчин, дэлхийн хошой аварга Рюүжү Нагаямад хожигдсон ч хүрлийн төлөөх барилдаанд Гүржийн жүдоч, дэлхийн хошой аварга Жиоржи Сардалавшилиг вазаригаар ялснаар Монголын багийн анхны хүрэл медалийг гардсан юм. “Их дуулга”-аас гурав дахь медалиа хүртсэн түүнтэй нэг жинд өрсөлдсөн Азербайжаны Балабей Агаев алт, Японы Рюжю Нагаяма мөнгө, Израилийн Ижак Ашпиз хүрэл медальтай нутаг буцахаар болж, хоёр жилийн дараа Лос-Анжелес хотыг зорих эрхийн эхний оноогоо өвөртлөв.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Кога Вакана (Япон) түрүүлж, Вэнна Жуан (БНХАУ) удаалан, Тугчэ Бэдэр (Турк), Лаура Мартинес Абеленда (Испани) нар хүрэл медаль зүүж, Монголын дэвжээнд хүчирхэг гэдгээ харуулж, ялалт байгууллаа. 52 кг-ын жинд Токиогийн олимпын аварга, дэлхийн аваргын таван түрүү тэй Абэ Үта зодоглосон нь үзэгчдийг огшоов. 12 дахь “Их дуулга”-д оролцсон түүнтэй аваргын төлөө өрсөлдөх Италийн тамирчин, дэлхийн аварга, олимпын наадмын мөнгө, хүрэл медальт Жиуффрида Одетте бэртлийн улмаас гараагүй тул мөнгөн медаль хүртсэн юм. Тус жинд хамгийн сонирхолтой барилдаан өрнүүлсэн нь АНЭУ-ын шигшээ багт барилдаж буй Б.Хорлоодой, Абэ Үта нар байв. Тэдний барилдаан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, хөгжөөн дэмжигчдийг хоёр хуваав. Нэг талд Абэ Үтаг , нөгөө талд Б.Хорлоодойг түрүүлээсэй гэж дэмжсэн олон их байлаа. Энэ удаа Абэ Үта өрсөлдөгчөө ялж, дэлхийн аварга гэдгээ баталсан юм.
В хэсгийг тэргүүлэн хагас шигшээд шалгарсан Б.Хорлоодой Испанийн тамирчин Ариане Торо Солерийг нэмэлт цагт хожиж, эх орныхоо дэвжээнээс “Их дуулга” ангилалд тав дахь медалиа зүүсэн юм. Харин Унгарын Рэка Пупп нутаг нэгт Роза Дьэртьашийг ялж хүрэл медалийн тавцанд зогссон билээ.
Хоёр дахь өдрийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилсэн. Манайхаас 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа АНЭУ-ын тамирчин Казбек Нагучев, Казахстаны Есет Куанов илүүрхэж, шигшээ наймд Бахрейний Мухамед Алоевыг хожиж, хагас шигшээд Британийн Иракли Гогинашвилитэй хүч шавхан барилдаж нэмэлт цагт үүрэх мэхээр ялсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын тамирчин Жэк Ёнэзүкатай хүч үзэж, хөмрөх мэхээр буулган авснаар аваргаар тодорлоо. Тэрбээр өнгөрсөн жил “Их дуулга”-аас хүрэл медаль гардсан бол энэ удаа дэлхийн шилдгүүдийн нэгээр шалгарав. Тэгвэл түүнтэй хамт эл жинд өрсөлдсөн О.Уранбаяр ОХУ-ын Карен Галстян, Болгарын тамирчин Виктор Скерлев нарыг медальгүй үлдээж, АНУ-ын Жэк Ёнэзү катай барилдаж, нэмэлт цагт ялагдсан ч хүрэл медалийн төлөө Бахрейний Мухамед Алоевыг хожиж шагналын тавцанд зогссон юм.