Улаанбаатар хот, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймгийн баруун хэсэгт энэ сарын 19-20-нд шилжих шөнө цас орж, хөрсөн дээр тэг хэмээс доошилж, цочир хүйтрэв. Энэ нь зуны улиралд ховор тохиолддог үзэгдэл хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Тодруулбал, Хөвсгөл болон төвийн аймгийн нутгаас гадна Улаанбаатар хотын уулархаг хэсэг, Тэрэлж, Багануур орчимд хүйтэн бороо, нойтон цас орсон байна. Цас орсон бүс нутагт хөрсөн дээр агаарын хэм таван градус хүртэл огцом хүйтэрч, цочир хүйтрэлийн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Нийслэл орчимд гэхэд өдөртөө 7-9 хэмийн дулаан байв. Эрс сэрүүссэний улмаас Улаанбаатар, Дархан-Уул чиглэлийн авто замын зарим хэсэгт цас тогтож, халтиргаа, гулгаа үүссэнийг албаныхан хэлэв.
2026 оны хамгийн урт өдөр, богино шөнө өнөөдөр тохионо. Үүний дараа Монгол орны нутгаар дайран өнгөрөх салхины хурд, чиглэл, үүлшилт, хур борооны эрчим болон агаарын хэм өөрчлөгдөж эхлэх нь. Тухайлбал, лхагва гаргаас эхлэн говийн, баруун бүсээс гадна төвийн болон зүүн аймгуудын нутгаар дулаарахын зэрэгцээ Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Ховдын зарим сумын нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орох гэнэ. Мөн Хэнтий нурууны орчмоор нойтон цас, бороотой байх тул энэ сарын 22-23нд болох Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр иргэдийг анхаарал, сэрэмжтэй байхыг Төв аймгийн Цагдаагийн газрынхан сануулав.
Түүнчлэн 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн хойд хэсэг, төв болон зүүн бүсийн зарим газраар үргэлжилсэн бороо, уулаараа нойтон цас, 23, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд нутийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар орох нь. Харин 24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарах аж.
Ч.Болор