Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгслийг шалгаж буй юм. Тодруулбал, тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ зохих стандартын дагуу байгаа, эсэхийг хянаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Тухайлбал, энэ сарын 2-3-нд шилжих шөнө нийт 431 тээврийн хэрэгслийг шалгаж, 191-т нь арга хэмжээ авчээ. Эдгээрээс 24 нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, зургаа нь хамгаалах малгайгүй, 18 нь яндангийн дуу намсгуургүй байсан гэнэ. Хяналт шалгалтаар 48 тээврийн хэрэгслийг түр саатуулсны 13 нь автомашин, 25 нь мотоцикл, найм нь суррон, хоёр нь мопед байжээ. Харин өмнөх өдөр нь буюу өнгөрсөн бямба гарагт нийт 540 тээврийн хэрэгслийг шалгаж, 349 зөрчил илрүүлсэн. Тэдгээрээс 51-ийг нь түр саатуулжээ. Үүний 18 нь мотоцикл, 22 нь суррон, 11 нь мопед аж.
Цагдаагийн байгууллагын найман алба хаагч төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хоёроороо хөдөлгөөнт эргүүлд ажиллаж буй гэнэ. Мөн 24 цагаар байнгын эргүүлд гарч буй аж. Хяналт шалгалтыг ирэх сарын 25 хүртэл үргэлжлүүлэх юм.