Монголын уран сийлбэрчдийн 12 дахь удаагийн нэгдсэн үзэсгэлэнг Уран зургийн галерейд энэ сарын 2-нд нээлээ. 14 хоногийн турш өдөр бүр 10.00-18.00 цагт нээлттэй байх “Цой-2025” үзэсгэлэнг сонирхогчид сийлбэрчдийн уран бүтээлээ хийх үйл явцыг хажуунаас нь харж ярилцаж, туршлага судлан танилцах боломжтойгоороо онцлог юм. Ахмад сийлбэрчдээс эхлээд шинэ залуу уран бүтээлчид оролцож заншсан энэхүү үзэсгэлэнгийн үеэр ардын гар урлалын олон төрлийг харуулсан бүтээлүүд дэлгэдгээрээ өвөрмөц.
“Цой” үзэсгэлэнг 2013 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Готовын Цогбаярын нэрэмжит болгон, түүнээс хойш мэргэжлийн уран сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэн болтлоо өргөжсөн байна.
ЗУРААЧ Г.НАРАНЦАЦРАЛ “ХУВИРАЛ” ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ПОРТУГАЛД ДЭЛГЭВ
Зураач Г.Наранцацрал “Хувирал” үзэсгэлэнгээ Португал улсын Ерисейра хотод нээв. Энэсарын16 хүртэл олны нийтэд хүрэх үзэсгэлэндээ тэрбээр сүүлийн жилүүдэд бүтээсэн өвөрмөц, шилдэг зургуудаа дэлгэсэн аж. Монголын орчин үеийн уран зураачдын бас нэгэн төлөөлөл болсон түүний бүтээлүүдийг португалчууд олноор шимтэн үзэж буй гэнэ. Г.Наранцацрал акриллик, тосон будгаар урласан зөгнөлт, үлгэрийн мэт дүрс, зүүдний мэт үйл явдлыг дүрсэлсэн уран бүтээлүүдээ үзэсгэлэнгийн танхимд голчлон дэлгэснийг зохион байгуулагчид онцолсон.
“АЖЛЫН ДАРАА” АЛЖААЛАА ТАЙЛААРАЙ
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Гэлэгийн Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” уран бүтээлийн үзэсгэлэнг дээрх галерейд мөн өчигдрөөс энэ сарын 10 хүртэл олон нийтэд толилуулж байна. Ардын зураач Г.Одон нь Монголын уран зургийн XX зууны дунд үеийн нэрт төлөөлөгч бөгөөд хөдөлмөрч хүний дүр төрх, нийгмийн үнэт зүйлсийг реалист чиглэлийн уран бүтээлүүдээрээ илэрхийлж, өнгө гэрэл, сэтгэл зүйн шийдлийн нарийн зохицлоороо тод ялгарсаар ирсэн билээ. Түүний “Ажлын дараа” хэмээх зураг нь хөдөлмөрийн дараах амар амгалан, өдөр тутмын энгийн мөчийг уран сайхны аргаар илэрхийлсэн реалист урсгалын сор бүтээлд тооцогддог юм.
О.Оргилох