Монголын дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдээс тодорхой шалгуураар сонгож, жил бүр өөр сэдэв, өөр өнгө аяс, агуулгатайгаар бие даасан үзэсгэлэнг нь дэглэж, өвөрмөц зохион байгуулалттайгаар олон нийтийн хүртээл болгодог “Харандааны хаан2025” үзэсгэлэн өнгөрсөн баасан гаргийн цас бударсан гэгээн үдэш нээлтээ хийлээ. “Харандааны хаан” энэ удаад Урлагийн гавьяат зүтгэлтэн Пунцагийн Цэгмидийг “Би...” хэмээх шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээр нь үзэгч олонтой уулзуулсан юм. “Зургийн өгүүлэмж нь товч тодорхой, алслал сайтай, хийсвэрлэл хийгээд романтизм шингэмэл аястай, өвөрмөц “хэл”-тэй зургууд давамгайлж байна” хэмээн мэргэжлийн талаас нь нэгэн нөхөр нь энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүдийг товч тодорхойлсон.
Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр куратор хийж, хөтлөн чиглүүлсэн “Би...” үзэсгэлэнгийн нээлт тэр өдрийн шинэхэн цас лугаа зөөлөн дулаан, шинэ соргог уур амьсгал дунд эрүүл хошигнолтой, мэдрэмжтэй, мэргэжлийн байх гээч нь юу болохыг утгаар нь харуулав. 2004 онд “Дорнод Монголын амар амгалан” уран зураг, “Нар хиртсэн жил” инстоляци бүтээлүүдээрээ Монголын урчуудын эвлэлийн шагнал, 2005 онд “Гэгээн тамлан” жүжгийн тайз, хувцас чимэглэлээр “Гэгээн Муза” наадмын шилдэг зураачаар шалгарч байсан П.Цэгмид нь Ардын зураач Г.Одон, Ц. Байды нарын шавь аж. Тиймдээ ч энэ удаагийн үзэсгэлэнг Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды багш нь нээж хэлсэн үгэндээ “Цэгмидийг би бага балчраас нь мэднэ. Тэр бол авьяаслаг зураачийн дээр маш хүнлэг хүн. Хүн байна гэдэг аугаа том ололт мөн. Хүнлэг хүн л урлагт хол явдаг” хэмээн онцолж баяр хүргэнэ лээ.
Хүүхэд ахуй цагаасаа дүрслэх урлагтай “шадарласан” П.Цэгмид зураач үзэсгэлэнгээ “Би...” хэмээн нэрлэх болсон шалтгаан угтаа их энгийн бөгөөд “миний амьдрал ийн өнгөрч буй” хэмээх эгэл гүн ухааныг энэ ганц үгээр илэрхийлжээ. Зураачаас гадна аялагч хүний нүдээр Монголоо тольдон харсан өнцөг, байгаль дэлхийн дөрвөн цагийн өнгө төрх, уул усны сүр хүч, моддын намуухан хөдөлгөөн, монгол ахуй, говь нутаг, тосгон сууриныг буй чигээр нь буулгасан түүний бүтээлүүд тодорхой өнгө, арга, хэлбэрт баригдахгүй...
“Би...” үзэсгэлэнгийн нээлтэд Ардын уран зохиолч Б.Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, До.Чулуунбаатар, Ж.Саруулбуян, Ц.Хулан, Ардын зураач Г.Дунбүрээ, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Өлзийбат, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зураглаач Б.Лхагвадорж, Соё-лын гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Золжаргал, зохиолч Б.Жамбалсүрэн, А.Амарсайхан тэргүүтэй урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүд оролцсон юм. Монголын Уран зургийн галерейд энэ сарын 17 хүртэл үзэгчдийн хүртээл болох энэхүү үзэсгэлэнгийн үеэр олон төрлийн сонирхолтой арга хэмжээ болох гэнэ.
Л.Аргамжин