“Leonardo DNA” төслийн хүрээнд сүүлийн хэдэн жилийн хугацаанд хийж буй олон улсын судалгааны үр дүнгээс танилцуулжээ. Олон салбарынхны хорхойг хөдөлгөсөн шуугиант мэдээг энэ сарын 7-нд танилцууллаа. Италийн суут хүмүүн Леонардо да Винчи (1452-1519 он)-ийн “Ариун хүүхэд” бүтээлээс илрүүлсэн генетикийн ул мөр түүнийх байх магадлал өндөр гэдгийг судалгааны багийнхан мэдээлэв. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн археологич, генетикч, урлагийн түүхч, хүн судлаач зэрэг мэргэшсэн 30 гаруй эрдэмтнээс бүрдсэн багийг удирдсан, АНУ-ын Крейг Вентерийн хүрээлэнгийн эрдэмтэн Хариндер Сингх “1452-1519 онд бүтээсэн “Ариун хүүхэд”-ээс илрүүлсэн ДНХ-ийг урьдчилсан байдлаар да Винчийнх гэж таамаглаж байна. Учир нь үүнтэй төстэй ДНХ-ийг суут зураачийн үеэлийн нэгэн захидлаас илрүүлсэн. Эдгээр генетикийн тэмдэглэгээ нь зураачийн төрсөн нутаг Тосканагаас гаралтай удам угсааныхтай нийцдэг. Урьдчилсан судалгаагаар зураг дээрх дээж болон зураачийн гэр бүлийн генетикийн материалын хооронд холбоо байгааг тогтоосон.
Сэргэн мандалтын үеийн хамгийн алдартай бүтээлүүдийн сор болсон “Ариун хүүхэд” хэмээх харандаан бүтээлийн эзэн өдгөө ч урлагийн түүхийн хүрээнд маргаантай сэдэв байсаар ирсэн. Гэхдээ да Винчийнх гэж тооцогддогийг дэлхий дахинаа мэднэ. Бидний нээлт эл маргааныг эцэслэхэд том алхам болно. Өдгөө эл бүтээл хувийн цуглуулагчийн сан хөмрөгт бий” хэмээжээ.
Дэлхийд данстай агуу хүмүүний ДНХ-ийг 500 гаруй жилийн дараа илрүүлсэн эл нээлтийг нарийн баталгаажуулж, судалгааг үргэлжлүүлэх бөгөөд судалгааны явцад 2024 онд зургийн зотонгийн урд болон ар талаас дээж авч, шинжлэхэд хүний генетикийн материалаас гадна мөөгөнцөр, бактери, ургамал, амьтны ДНХ илэрсэн. Судалгааны багийнхан эр хромосомоор дамждаг Y хромосомын үлдэгдлийг сэргээж шинжилсэн аж.
Өдгөө судалгааны хүрээнд да Винчийн эцгийн талын удам болох, амьд сэрүүн буй 15 эрэгтэйн генетикийг шинжлэх талаараа тэмдэглэсэн байна. Мөн Францын хүрээлэнгийн номын санд хадгалагддаг 2238 хуудастай да Винчийн гар бичмэл болох “Атлантын кодекс” болон “Кодекс Лейстер”-ээс түүний генетикийн материалыг хайх гэнэ.
Э.ХАНА