Залуу уран бүтээлч, архитектор Т.ЭрдэнэОчир анхны бие даасан “Амь цаас” үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд олны хүртээл болголоо. Тэрбээр цаасан хайчилбарын төрлөөр 10 гаруй жил тууштай бүтээл туурвиж буй бөгөөд энэ удаад нүүдэлчдийн амьдралын хэмнэл, цаг хугацаа, гүн ухаан болон алсын харааг өөрийн өвөрмөц арга барил, нарийн мэдрэмжтэй хослуулсан 120 гаруй бүтээл дэлгэсэн гэнэ. Мөн уламжлалт хайчилбарыг орчин үеийн урлагийн хэлбэрт хөрвүүлж, илүү шинэлэг өнцгөөс харуулахыг зорьсноороо онцлогтой. Тухайлбал, Т.Эрдэнэ-Очир “Сүүлчийн нүүдэлчид-2” бүтээлээрээ орчин үеийн хотын амьдралд автомашин хэт давамгайлж, хүн байгаль хоёрын харилцаа алсарч буйг илэрхийлэхийг зорьжээ.
Тэрбээр “Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээл бүр өөрийн гэсэн характер, дүр төрхтэй. Тэр онцлог нь цаасыг амь оруулж байгаа мэт санагддаг учраас үзэсгэлэнгээ “Амь цаас” гэж нэрлэсэн. Энгийн мэт харагддаг цаас ч амилж, уран бүтээлийн хэлээр үзэгчидтэй “ярьж” чадна гэж бодсон” хэмээв. Үзэгчдэд нүүдэлчин ахуйн үнэ цэнийг цаасан хайчилбараар дамжуулан мэдрүүлэх тус үзэсгэлэнг энэ сарын 25-ныг хүртэл толилуулах юм.
Азийн орнуудад эрчимтэй хөгжсөн цаасан урлаг нь орчин цагийн Монголын дүрслэх урлаг, тэр дундаа номын чимэг зургийн салбарт амжилттай нутагшин дэлгэрч ирсэн түүхтэй. Тэгвэл эл урлагийн өнөөгийн хөгжлийн чиг хандлага, соёлын биет өв болон үлдэх үнэ цэн, уран бүтээлчийн арга ажиллагааны өвөрмөц онцлогийг тус үзэсгэлэнгээс дэлгэрэнгүй харах боломжтой юм.
Э.Сондор