Дэлхийн дүрслэх урлагийн хамгийн нэр хүндтэй талбар гэгддэг, энэ сарын 26-28-нд болсон “Art basel Hong Kong 2026” олон улсын үзэсгэлэнд 41 орны 240 галерей сор бүтээлүүдээрээ оролцлоо. Энэ үеэр Хонконгийн нөлөө бүхий “South China morning post” сонин энэ жилийн онцлох есөн уран бүтээлчийн нэгээр монгол зураач Д.Үүрийнтуяаг нэрлэжээ. Тэрбээр Нью-Йорк хотын “Sapar Contempo-rary” галерейн павильонд Казахстаны уран бүтээлч Ая Шалкартай хамтран бүтээлүүдээ толилуулж байгаа юм. Д.Үүрийнтуяагийн бүтээлүүд монгол зургийн уламжлалт арга барилыг орчин үеийн сэтгэлгээ, бэлгэдэл зүйн гүн агуулгатай хослуулснаараа олон улсын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.
Д.Үүрийнтуяа, Ая Шалкар нар эртний иргэншил, Казахстаны тэнгэр үзэл, Монголын нүүдэлчин ахуй болон Төвөдийн буддын шашин дахь хүчирхэг эмэгтэй дүрийг бүтээлүүддээ тусгажээ. Ая Шалкар соёлын ижилсэл, хүйсийн гүйцэтгэх үүргийг баримал болон археологийн элементээр илэрхийлдэг бол Д.Үүрийнтуяа монгол зураг, буддын шашны иконограф (уламжлалт бурхан шашны зураг дахь дүрслэл, бэлгэдлүүдийг авч, өөрийн сюрреал хэв маягтай хослуулан шинэ утга санааг илэрхийлдэг)-т сюрреал хэв маяг оруулж, нүүдэлчдийн дараах эрин үеийн эхчүүд, цагаач эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралыг дайчин дүр төрхөөр дүрсэлснээрээ онцлогтой юм байна.
Ташрамд сонирхуулахад, эл үзэсгэлэнг жил бүр 45 мянга орчим хүн зорин очиж үздэг гэнэ.
У.СҮРЭН