Уран бүтээлч Д.Дорждэрэмийн ес дэх бие даасан “Харьцангуйн тохиол” үзэсгэлэнг “Б Контемпорари” арт галерейд ирэх сарын 3-ныг хүртэл толилуулж байна. Тэрбээр энэхүү үзэсгэлэндээ органик болон синтетик материалын зохицлоор дамжуулан зөн совин, цаг хугацаа зэрэг биет бус ойлголтын харилцан хамаарал, таталцлыг илэрхийлжээ.
Д.Дорждэрэм нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2005 онд төгсөхөөсөө өмнө дархны ур ухаанд суралцаж байсан туршлагатай. Энэ нь түүний материалыг мэдрэх чадварт ихээхэн нөлөөлсөн бөгөөд 2006 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргахдаа л материалыг зөвхөн хэрэгсэл бус, “хамтран бүтээгч” хэмээн үзэх болжээ. Түүхий эд нь уран бүтээлчтэй хамтран тухайн бүтээлийг амилуулах гол хүчин зүйл болдгийг ийнхүү 20 жилийн турш соргогоор ажиглаж, туршсаар ирсэн нь түүний “Харьцангуйн тохиол” үзэсгэлэнгээс тодорхой харагдах аж.

Тэрбээр эсгий болон холимог техник, баримлын төрлөөр дамжуулан өрнө, дорныг холбосон өвөрмөц дүрслэлийг бүтээдэг нэгэн. Ингэхдээ хүн, байгаль болон орон зай хоорондын харилцан хамаарлыг өөрийн өнцгөөс гүнзгийрүүлэн судалдаг бөгөөд бүтээлүүд нь туршилт, эрэл хайгуулд суурилдгаараа онцлог. Мөн юмсын оршихуй, дотоод болон гадаад ертөнцийн харилцааг тунгаасан сүнслэг, танин мэдэхүйн олон талт хэлэмжтэй. Түүнчлэн хувь хүний дотоод сэтгэл хөдлөл болон нийгмийн хувьслыг орчин үеийн сэтгэлгээгээр тусган харуулдгаараа онцлогтой юм. Нийгэм хүнийг оюун санааны хувьд тодорхой хэв шинжид барихыг эрмэлзэж буй энэ үед байгаль, орон зайд “дүрвэгсэд” хэрхэн орших боломжтойг тэрбээр уран бүтээлээрээ эрэлхийлдэг гэнэ.
Ташрамд дурдахад, Д.Дорждэрэм нь зураач Г.Гэрэлхүү, Б.Номин, Ё.Төгөлдөр нарын хамт Итали улсад тавдугаар сарын 7-нд эхлэх 61 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцох юм.

У.Сүрэн