Монгол бөхийн өргөөнд үндэсний бөхийн хэв маягийг өөрчилсөн нэгэн шинэлэг хэлбэрийн тэмцээн болсон нь баззертай барилдаан байв. “Бест баззер-2026” чансаа өндөр 64 бөхийн барилдаанд Монгол Улсын аварга, арслан, заан, харцага, начин цолтнууд зодоглосон. Тус барилдаанд оролцсон бөхчүүдээс Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний тамирчин, аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж 20, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэн 10 сая төгрөг гардав. Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл, Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарч, таван сая төгрөгөөр шагнуулжээ.