Энэтхэгийн зүүн өмнөд эргийг нэг долоо хоногийн дотор хоёр удаа хүчтэй циклон дайрлаа. Хамгийн сүүлд Мурасу нэртэй циклон өчигдөр үүрээр Андра-Прадеш мужийн эрэгт очиж, салхины хурд цагт 120 километрт хүрснээс гадна их хэмжээний аадар бороо оржээ. Үүнтэй холбогдуулан эрх баригчид 30 мянга орчим иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
Энэтхэгийн Цаг уурын газраас мэдээлснээр Бенгалын булангаас эх авсан Мурасу циклон уржигдар 01.00 цагт эрэгт ойртож, 03.30-05.30 цагт Неллор болон Нарсапур хотын хоорондох Андра- Прадеш мужийн өмнөд хэсгийг дайран өнгөрчээ. Энэ үеэр салхины хурд цагт 100-110 километр хүртэл ширүүссэн аж.
Циклоны улмаас Андра-Прадеш мужийн эрэг орчмын 70 орчим суурин усанд автаад байна. Мөн олон мянган мод үндсээрээ булгарч, загас агнуурын завинууд сүйдсэнийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Цаг уурын байгууллагаас эргийн нам дор газруудад далайн түрлэг нэмэгдэж, 1-1.5 метр өндөр давлагаа үүсэх эрсдэлтэйг урьдчилан анхааруулсны дагуу тус мужийн эрх баригчид уржигдраас эхлэн иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн загасчдыг өнөөдрийг дуустал далайд гарахгүй байхыг сануулсан гэнэ.
Өмнөх байгалийн гамшгийн хохирлыг бүрэн арилгаагүй байхад Мурасу циклон нүүрлэсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-нд Арнаб хэмээх маш хүчтэй циклон Андра-Прадеш мужийг дайрсны улмаас зургаан хүн амиа алдсан талаар “Reuters” агентлаг мэдээлсэн юм. Тухайн үед хүчтэй салхи, аадар борооны улмаас орон сууц, газар тариалан болон дэд бүтцэд ихээхэн хохирол учирчээ. Ийнхүү долоо хоногийн дотор хоёр удаа дараалан хүчтэй циклон нүүрлэсэн нь Энэтхэгийн зүүн өмнөд эргийн мужуудад учирч буй байгалийн гамшгийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Э.Сүйлэн