Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. Тус арга хэмжээнд хоёр орны ШУА-ийн эрдэмтэн, судлаачид, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцов.
Энэ хүрээнд “Монгол-Оросын харилцаа: Түүх, уламжлал, өв”, “Монгол-Оросын харилцаа: Орчин үе, хэтийн төлөв” гэсэн хоёр салбар хуралдаан зохион байгуулжээ. Эхний хуралдаанаар ХХ зууны эхэн үеийн хоёр орны харилцаа, Монгол-Зөвлөлтийн 1921 оны гэрээ, Хиагтын түүх, архитектурын өв, цэргийн салбарын хамтын ажиллагаа, мөн Зөвлөлтийн анхны монгол судлаачдын шинжлэх ухааны өвийн талаар илтгэл хэлэлцүүлсэн байна. Харин хоёр дахь хуралдаанаар Монгол, Оросын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөв, Монгол-Орос-Хятад гурван талт хамтын ажиллагаанаас үүсэх Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн боломж болон архив, технологийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хөнджээ. Ийнхүү эрдэмтэн, судлаачид хоёр орны харилцааны түүхэн замнал, ололт амжилт, сургамжийг дүгнэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, шинэ чиглэлүүдийг хэлэлцсэнээрээ онцлогтой аж.
У.Цэцэг