
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Тус зөвлөл 2016 оны наймдугаар сард бодлогын хүүг 15 хувьд хүргэж байсан нь түүхэн дээд үзүүлэлт юм. Түүнээс хойш өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 14, энэ оны зургадугаар сард 12 хувь болгож доошлуулсан. Төвбанк 2008 оны арваннэгдүгээр сараас хойш бодлогын хүүгээ ийнхүү хоёр оронтой тооноос бууруулсангүй.
Монголбанкнаас гаргасан мэдэгдэлд “Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляц наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд тав, Улаанбаатар хотод 5.4 хувьд хүрлээ. Оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсөв. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляц дунд хугацаанд зорилтот найман хувийн орчимд тогтворжих төлөвтэй. Гадаадын зах зээлд эерэг өөрчлөлтүүд гарч, экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдан, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь эдийн засгийг идэвхжүүлж байна. Зах зээлд оролцогчдын итгэл сэргэж, эдийн засагт нааштай хандлага гарч байгаа ч цаашдын төлөв нь экспортын бүтээгдэхүүний үнэ, хэмжээнээс ихээхэн хамаарах нь. Мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсөхийн хэрээр инфляц буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа тул бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Бодлогын хүү өндөр байх нь зах зээл дэх мөнгийг Монголбанкинд төвлөрүүлж, иргэдийн үрэлгэн зардлыг багасган, инфляцын өсөлтийг хязгаарлахад нөлөөлдөг юм.