Халаа сэлгээ дуусаж, төрийн ажил төвшин үргэлжлэх боломж бүрдэв. УИХ-ын 126 гишүүний 68 нь МАН-ынхан ч Ерөнхий сайд Г.Занданшатар дангаараа танхимаа байгуулж зориглосонгүй. Гурван нам, нэг эвс¬лийн 58 гишүүн бүхий сөрөг хүчинтэй тулахаас эмээжээ. Тиймээс ХҮН болон ИЗНН-тай хамтарч Засгийн газраа байгуулав. Ингэснээр парламент АН, Үндэсний эвслийн 46 гишүүн бүхий сөрөг хүчинтэй болж байна. Шинэ Ерөнхий сайд өмнөх Засгийн газрын бүтцийг өөрчилсөнгүй, бас бүрэлдэхүүний 50 хувийг нь улираан томилжээ. Олон нийтийн хүлээлтэд хүрээгүй голдуу сайдтай, “хагас хуучин” танхим ийнхүү бий болов.
Түүнчлэн Засгийн газрын шинэ тэргүүнд жендерийн мэдрэмж байхгүй аж. Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуульд танхимын 15-аас доошгүй хувь нь эмэгтэй байх ёстой гэж заасан. Гэвч нийт бүрэлдэхүүнийх нь 10 хувьд буюу хоёр эмэгтэй сайд л томиллоо. Л.Оюун-Эрдэнийн танхим гурван эмэгтэй сайдтай байсан бол үүнийг Г.Занданшатар нэгээр бууруулсан нь энэ. Хөшигний ард өрнөсөн олон тохиролцооны дараа зарим хүн баяртай, зарим нь ууртай үлдэж буй юм.
ИЧИХ БУЛЧИРХАЙ “ХУДАЛДАЖ АВ”
МАН-ын найман сайд шинэ Засгийн газарт улирч ажиллахаар болоод байна. Тэдэн дотроос Н.Учрал, Б.Батцэцэг нарыг олон нийт хүлээн зөвшөөрч буй. Салбараа суга өөд нь татаагүй ч уруудуулчихгүй явж байгаа учраас тэр. Харин бусад нь ичих булчирхай “худалдаж авах” хэрэг¬тэй болжээ. “ДЦС-3”-т дэлбэрэлт болсны дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Засгийн газар огцорч, би хариуцлагаа хүлээгээд явж байна шүү дээ” гэж байв. Гэтэл хэлснээсээ буцлаа. Тэр бол УИХ-д тасралтгүй таван удаа сонгогдсон, 2016-2017 онд Сангийн сайд, 2022 оноос хойш Эрчим хүчний сайдаар ажиллаж буй хүн. Түүнийг Эрчим хүчний сайдаар ажилласан дөрвөн жилд цахилгаан үе үе хязгаарладаг 1990-ээд оны эхэн үеийн нөхцөл байдалд буцаж очоод байна. Шинээр цахилгаан станц барьсангүй. Юуг ч додомдож сайжруулсангүй. Тэгснээ явах гэж байхад нам нь “хүчээр” үлдээсэн мэт зүйл одоо яриад явж байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2016 оноос хойш гурван удаа УИХ-д сонгогдоод буй. Тэрбээр 2023-2024 онд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажилласан. “Түгжрэлийн сайд”-тай болсон ч юу ч өөрчлөгдөөгүй. Хотын даргын ажил, үүрэгтэй давхацсан энэ албан тушаал түүнд сайдын эрх ямба л олгосон байх. Юу ч хийгээгүй атлаа өнгөрсөн оноос тэрбээр Зам, тээврийн сайдаар томилогдсон. Зам, тээврийн салбар манай улсад хөгжөөд, сайжраад буй юм алга. Гэвч улиран ажиллахаар болов. Хотын дарга байхдаа “хуурай” усан орги-луурт төсвийн олон тэрбум төгрөгийг үрсэн С.Амарсайхан Шадар сайдын суудлаа хадгалан үлдлээ. Тэрбээр 2021 оноос хойш ийнхүү гурав дахь Засгийн газар¬таа Шадар сайд хийх гэж байна. МАН эл суудлыг түүнд “зориулсан” мэт л байх болов. Уг нь түүнийг Үндэсний эвслийн Н.Номтойбаяраар солихоор ярьж байсан ч талууд тохиролцоонд хүрээгүй бололтой. Үндэсний эвслийн тэргүүний зүгээс Сангийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилуулах шаардлага тавьсан ч зөвшилцөж чадаагүй учраас Засгийн газарт хамтрахаас татгалзсан гэсэн мэдээлэл байна. 2025 оны төсвийг батлах үед хэмнэх, үрэлгэн зардлаа тэвчих талаар хамгийн их дуугарсан дөрвөн хүний нэг нь Г.Тэмүүлэн байсан. Түүнийг Сангийн сайдаар томилсон бол төсвийн орлого тасарсан энэ үед илүү ажил хэрэгчээр хандах байсныг үгүйсгэхгүй. Гэвч МАН-ынхан Б.Жавхлангаа авч үлджээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ахиц гаргаагүй, газар тариалангийн үйлдвэрлэлээ уруудуулаад, яамыг нь нүүлгэж, нааш цааш баахан хөдөлгөөн хийснээс өөр наалдах ажил Ж.Энхбаярт ховор. Гэтэл бас л улирч байна. Тэгэхээр энэ найман хүнд МАН их өртэй аж. Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нарыг Монголын хамгийн баян хүмүүс гэдэг. Тэд намаа санхүүжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг учраас хүссэн албан тушаалд нь томилохоос аргагүй байдаг биз.
Нөгөө талаар Л.Оюун-Эрдэнэ одоо ч огцорсноо бүрэн хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн “хамгаалагчид”-аар улс төрийн акц хийлгэсээр байгаа. Тэднийх нь нэг болох УИХ-ын гишүүн Э.Болормаа тэргүүтэн хуучин сайд нарыг улираахыг эсэргүүцэж шаардлага тавьсан ч нэмэр болсонгүй. Улирч үлдсэн сайд нарыг “Өмнөх Засгийн газрыг огцруулах санал өгсөн, Л.ОюунЭрдэнээс урвасан” гэх мэтээр буруутгаж байна. Улс төрд мөнхийн найз гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л бийгээс хойш “уйлаад” яах ч билээ. Тэгээд ч орлогоо нотолж чадаагүйгээс л огцорсон биш үү. Ийнхүү эрх ямба эдэлдэг ч үүргээ гүйцэтгэж шальдаггүй хуучин сайд нартай эл Засгийн газар хэр удаан ажиллах нь бас л эргэлзээтэй.
ХҮН намын дарга Т.Доржханд Шадар сайдын суудлаа мөн л хадгалж чадав. “Урьж оруулчхаад өшиглөж гаргавал жинхэнэ сөрөг хүчин гэж юу байдгийг харуулна” хэмээн сүрдүүлсний хүчинд тэрбээр дараагийн Засгийн газарт үлдэж буй юм. Тус намд өмнөхийн адил хоёр квот өгсөн. Өөрөө эрх мэдлээс татгалзах эр зориг, хүсэл сонирхол ХҮН намын даргад үгүй. Харин Боловсролын сайд П.Наранбаярын оронд УИХ-ын гишүүн П.Ганзоригийг томилуулах санал оруулсан байв. МУИС-ийг төгссөн, математикч эл залуу харин нэрээ татаж, эрх мэдлээс татгалзаж болдгийг харуулсан юм. Тэрбээр П.Наранбаярыг эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлсэн нь зөв гэж үзсэнээ ярьсан. Тиймээс ХҮН намын хоёр сайд мөн улирав.
“ШИНЭКОВУУД”
Солигдож орж ирсэн сайд нар дотор олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц, ёс зүйн шалгуурт тэнцэх хүн мөн л өдрийн од мэт байна. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэг үг өнөөдөр ул болон мартагджээ. Өсвөр насны охиноо хүчирхийлдэг, гэр бүлийн асуудалтай Ч.Ундрам гишүүн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд болов. Ёс зүйн шалгуурт тэнцэхгүй ийм хүнээр соёлын салбарыг удирдуулж буй нь монгол төрийн эмгэнэл юм. Уг нь 100 гаруй жилийн түүхтэй намд чадварлаг, ёс зүйтэй, туршлагатай эмэгтэй цөөнгүй л баймаар. Гэвч “олдсон” нь эл гишүүн бололтой.
Цөөнх үндэстний төлөөлөл хэмээн УИХ-ын гишүүн Т.Аубакирыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилов. Гэтэл тэрбээр мөн л гэр бүл салсан, хүүхдийн тэтгэмжээ цаг тухайдаа өгдөггүй нэгэн болохыг зарим сайт онцолжээ. Өөрөө ийм маргаантай хүн салбарын яамыг удирдаад, иргэдийн тулгамдсан асуудлыг шийдээд явж чадах уу.
Батлан хамгаалахын сайдаар гишүүн Д.Батлутыг томилсон. Тэрбээр ШУТИСийг цахилгааны инженер мэргэжлээр дүүргэсэн аж. 2008-2020 онд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан, мөн Засаг дарга байсан нэгэн. Ингэсхийгээд л түүний намтар дуусна. Нэрээс нь болж Батлан хамгаалахын сайд болгов уу, ядаж цэргийн алба хаасан байгаа даа гэх мэтээр түүнийг нийгмийн сүлжээнд шоглож байна. Үнэндээ эл салбарт ямар ч хамааралгүй хүнийг яагаад сайд болгосон нь ойлгомжгүй. Батлан хамгаалах салбар улсын аюулгүй байдалтай нягт холбоотой ч бялуу хуваах төдий зарчмаар хандсан нь энэ. Өмнө нь Батлан хамгаалахын сайд байсан С.Бямбацогт тушаал дэвшиж, Засгийн газрын ХЭГ-ын дарга болсон билээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болсон Э.Бат-Амгалангийн тухайд нийслэлийн нэгдүгээр дунд сургууль болон МУИС-ийн ОУХДС-ийг герман судлал, олон улсын дипломатч мэргэжлээр дүүргэсэн, мөн л хоёр сонгогдсон гишүүн. Хотын унаган хүүхэд юм даа гэж л эл салбарт томилсон бололтой. Ерөнхий сайд танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж байх үед шинэхэн сайд Г.Дамдинням, Ч.Ундрам хоёрын баясалдан инээлдэж буй бичлэг цацагдсан. Тэд албантушаал, эрх мэдэлд хүрсэндээ их л баяр хөөртэй байгаа аж. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Боловсролын багц хуулийг батлалцахад хувь нэмэр оруулсан хэмээн өөрөөрөө бахархдаг хүн. Мөн БСШУ-ы байнгын хорооны дарга, өмнө нь салбарын сайдын зөвлөх хийж байсан юм билээ. Тэгэхээр энэ салбартаа арай дөхөх байтал нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжилтэй гишүүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болгожээ. Канадын Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрын зэрэг хамгаалсан, “Прокон майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдгээрээ л энэ салбартай “дөхөх” юм байна. Улсын эдийн засгийн гол орлогыг бүрдүүлж, нуруундаа үүрч явдаг салбарын ажлыг ийм л туршлагаар дааж бардаг байгаа даа гэсэн эргэлзээ бас бий.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ямар ч байсан Засгийн газарт өөрийн квоттой явсаар ирсэн. Түүний хүн болох Б.Тулгын орон тоог цомхотгосон тул өөр нэг суудал өгөх нь зүйн хэрэг. Тиймээс энэ удаа тэрбээр хүүгээ зүтгүүлж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болгож авлаа. Э.Батшугарыг ааваараа хөтлүүлж яваа эрх хүү хэмээн хочилдог. Хэдий тийм ч тэрбээр боловсролтой, харьцангуй төлөвшсөн залуу улс төрч. Тиймээс зарим сайдын дэргэд боломжийн сонголт гэж харагдаж буй юм.
Г.Занданшатарын танхимын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар эрх зүйч мэргэжилтэй Л.Мөнхбаатар ажиллана. Түүнийг харин эл танхимын хамгийн оносон сонголт гэж үзэж болохоор байна. Тэрбээр 1999-2008 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтнээс эхлэн газрын дарга хүртэл ажилласан юм билээ. Улмаар УБЕГ-ын дарга хийж байсан, УИХ-д гурав дахиа сонгогдсон нэгэн. Өмнөх парламентад тэрбээр УИХ-ын дэд даргаар ажилласан, одоо МАН-ын бүлгийг ахалдаг, төлөвшсөн улс төрч. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн тухайд салбарын хүн, сайн эмч мөн. Харин сайн сайд, менежер байж чадах, эсэх нь тодорхойгүй. Өмнөх сайдаа байнга шүүмжилдэг байсан эмч-гишүүн томилогдсоныхоо дараа “Сайдын алба бол ямба биш, ял” гэж хэлжээ. Ер нь л МАН-ын шинэ сайд нарыг мэдээгүй, хүсээгүй байхад нь “хүчээр” томилчихсон байх
ИЗНН энэ Засгийн газарт нэг суудал авч, намын дарга Б.Батбаатар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болов. Тус намын гишүүн М.НарантуяаНара өөрийгөө ИЗНН-ыг УИХ-д суудалтай болгосон гавьяатай хэмээн бардамнаж, “Сайн, муу бүхний түрүүнд явдаг атлаа хүртэх юмнаас нь ангид байдаг юу вэ. Сайд авах ёстой бол авна” гэх мэтээр бичжээ. Монгол төрийн босго өндөр учраас түүгээр дутсангүй. Б.Батбаатарын хувьд 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож явсан, Нараг бодвол улс төрийн туршлагатай, ИЗНН-ыг авч явсаар ирсэн хүн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй ч ногоон үзэл баримтлалтай намын даргын хувьд дээрх яамыг авсан аж.
Л.Оюун-Эрдэнийн танхим хамгийн данхар бүтэцтэй байсан. Үүнээс гурван үндэсний хороог л Г.Занданшатар татан буулгах нь. Бусдаар бол бүтцийг нь цомхон болгож чадсангүй. Юутай ч шинэ Засгийн газрын 19 сайдын гурвыг ХҮН, ИЗНН-аас бүрдүүлэв. Үлдсэн сайд нарын 50 хувь нь шинэ хүмүүс учраас ажилдаа маш хурдан суралцах ёстой. Ерөнхий сайдын өөрийн хүсэл, төлөвлөгөө гэхээс илүү Төрийн тэргүүний “хүчин чармайлт”-аар бүрдсэн эл Засгийн газар хэр урт наслахыг харах л үлдэв.