Байгууллагын сурталчилгаандаа бусдын дуу, дүрсийг зөвшөөрөлгүй ашигладаг байдал дэн¬дүү олширчээ. Манайд болсон бодит жишээ татъя. Үргэлж нээлттэй байдаг нэгэн фитнес клуб юүтүб сувагтаа 24/7 лайв цацдаг байна. Тэд үүнийгээ тайлбарлахдаа “Шууд дам¬жуулж буй бичлэгийг үзээд бэлтгэлийн заал хэр их хүнтэй байгааг харж болно. Манайх огт хаадаггүй тул хү¬мүүс хүссэн цагтаа ирэх боломжтой” гээд ичсэн шинжгүй, ил цагаан ярьж байна. “Орфей” театр “Амьдрахуй” драмын жүжгээ өнгөрөгч аравдугаар сард нээсэн. Тус зохиол нь ит¬гэл найдвар, зовлон бэрхшээлийг Фү Гуй хэмээх эрийн амьдралаар төлөөлүүлэн өгүүлдэг. Ийм агуулгатай жүжиг үзсэн хүний сэтгэл хөдөлж, уйлах энүү - хэнд. Гэтэл үзэгчдийг мэдрэмждээ автаж, тоглол тод анхаарлаа бүрэн хандуулсан байхад нь зургийг нь дарж, фэйсбүүк хуудастаа нийтэлжээ.
Сэтгэгдэл хэсэгт “Зөвшөөрөл авч байж ингэж оруулсан уу. Жүжиг үзэх гээд очвол зургийг минь ингээд нийтэлчих юм биш биз” хэмээн бичсэн байна. Энэ нь уг театрын зар сурталчилгааны шинэ санаа байж болох. Сайхан жүжиг үзчихээд ажилдаа явтал “Чи уйлсан байна лээ шүү дээ. Зургийг чинь харсан” гэж хэлбэл гайхах зүйлгүй нь.
Өнгөрөгч сарын 28-ны өдөр цахим сүлжээнд нэгэн цочирдом бичлэг цацагдсан юм. Гурван настайд нь орхиод явсан ээж нь цэцэгт мэндчилгээгээр дамжуулж хүүдээ захидал илгээсэн байна. Гэтэл хөтлөгч эмэгтэй тус захиаг эгээ л “Болор цом”-д оролцож буй мэт уншаад, хүүг уйлуулчихжээ. Үүгээр тогтохгүй, хувь хүний нууцыг олон нийтийн сүлжээгээр жишим ч үгүй дэлгээдхэв. Бэлгийг нь дур мэдэн задлан, камерт харуулж, ээж нь хүүгээ үнсчхээд явсныг дүрсжүүлээд, бичлэгийн төгсгөлд “хав¬чуулж”. Төд удалгүй олон нийт үүнд дургүй¬цлээ илэрхийлэхэд “Эзэд нь өөрсдөө л зөвшөөрсөн шүү дээ” гэж мэлзсэн юм. Контент, зар сурталчилгаа хийх нэрээр ийм ёс зүйгүй үйлдэл байнга гарах боллоо. Тэдэнд хүний эрхийн талаар түй ч ойлголт алга.
Шударга бус байдал, зовлон зүдүүр, онцгой баяр хөөрт нийгмийн сэтгэл зүй мэдрэг. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн мэдээ, мэдээлэл хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг талтай. Хувийн асуудал, анзааргагүй байдал, оршихуйд нь дөрөөлж үзэлт, хандалт цуглуулж л байвал тэд юу ч хийхээс сийхгүй нь. Мэдээллийн технологи хурдтай хөгжиж буй энэ үед хүний суурь эрх буюу оршихуйн ерөнхий эрхийн хэрэгжилтийн талаар тунгаах шаардлагатай болж байна. Тодруулбал, энэ нь хүний нэр төр, алдар хүнд, хувийн нууц, дүр төрх, дуу хоолойг хүнээс салшгүй хэмээн үзэн, хамгаалж, хүндэтгэх тухай юм. Харамсалтай нь, амьдрал дээр ч, цахим орчинд ч бусдын дуу, дүрсийг зөвшөөрөлгүй ашиглаж, улмаар хүний үнэт зүйлсийг сэвтүүлэх явдал дэлгэрч буй нь анхаарах асуудал мөн.
Хувь хүний оршихуйн ерөнхий эрх, нууцыг ма¬най улс хэд хэдэн хуулиар хангаж, баталгаажуулжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13- т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн нь эл эрхийг хамгаалах суурь заалт юм. 2021 онд баталсан Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зорилго нь “хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулах”. Өөрөөр хэлбэл, мэдээллийн эзэн ба мэдээлэл хариуцагч, мэдээлэл боловсруулагч нарын хооронд үүссэн хүний хувийн мэдээлэлтэй холбоотой харилцааг шийдвэрлэнэ гэсэн үг. Харин үүнийг уг хуулийн хүрээнд үл хамаарах байдлаар, тухайлбал, мэдээллийг хууль бусаар олж авах, задруулах, дамжуулах, олон ний¬тийн сүлжээнд нийтлэх зэргээр ашигласан тохиолдолд уг хууль үйлчилдэггүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 13.8-д зүйл “зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах”, 13.10-т “хувь хүний нууцад халдах”, 13.11-т “хувь хүний нууцыг задруулах”, 13.12-т “хууль бусаар мөрдөж мөшгөх”, 13.14-т “худал мэдээлэл тараах”, 14.8-д “сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах”-аар тогтоосон гэмт хэрэг нь хүний хувийн халдашгүй байдлыг хамгаалах зорилготой байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлд “хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчих” гэх хэсэг ч мөн бий.
Харин эл тохиолдлыг нь Иргэний журмаар шийдвэрлэх нь их. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 2002 оны Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахаар тусгасан ба түүнд учруулсан эдийн болон эдийн бус гэм хорыг арилгахдаа мөн хуулийн 230, 497, 511 дүгээр зүйлийг ашигладаг. 21.5-д “Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй”, 21.6-д “Иргэний нийгэмд эзлэх байр суурьтай холбогдуулан түүнийг сурталчлах зорилгоор болон сургалт, эрдэм шинжилгээний ажил, ажил хэргийн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааны явцад уг этгээдийг дүрсэлсэн, эсхүл тухайн этгээд өөрийгөө дүрслүүлсний төлөө хөлс, шан харамж авсан бол түүний зөвшөөрөл шаардагдахгүй” гэсэн зүйл заалтаар дүрсийн эрхийг хамгаалж буй.
Сүүлийн үед бусдын дүр төрхийг дуурайлгасан контентууд, хиймэл оюун ухаан ашиглан хэн нэгний хоолойг хуурамчаар бүтээсэн бичлэгүүд ч хүний эрхийн шинэ сорилт болох төлөвтэй байна. Хувь хүний дуу, дүрсийг зөвшөөрөлгүйгээр сурталчилгаанд ашиглаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх нь хуулийн дагуу хариуцлага хүлээх үйлдэл мөн гэдгийг сануулъя. Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн доктор, дэд профессор Б.Тэмүүлэнгээс тодрууллаа. Тэрбээр “Оршихуйн ерөнхий эрхийн нэг бүрэлдэхүүн нь дуу, дүрсний хувьд эдлэх эрх юм. Зан чанар, дуу хоолой, дүр төрх бол хувь хүнийг бүрдүүлэгч бөгөөд салшгүй шинжтэй. Шүүх энэ төрлийн маргааныг олон нийтийн мэдээлэл авах эрхэд хамаарах, нийтийг хамарсан арга хэмжээ мөн, эсэхийг дэнсэлж байж шийдвэрлэдэг” гэв.
Хүний эрх гэдэг дан ганц хуулиар хамгаалагдахаас гадна нийтээрээ түүнийг ойлгож, хэрэгжүүлэх нь ялгаагүй чухал юм. Мэдээллийн эрин үед хувь хүний орон зай улам бүр хумигдаж, бидний дуу хоолой, дүрс, хөдөлгөөн хүртэл бидний эсрэг ашиглагдах эрсдэл бодитоор байна. Үүнд “Юун сүртэй юм бэ” гэж хандах нь нэг ёсондоо ухамсрын доголдол юм. Энэ талын иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх замаар дуу, дүрсний эрхийн зохицуулалтыг тодорхой хуульчлах шаардлагатайгаас гадна бусдаас зөвшөөрөл авах соёл бидэнд зайлшгүй хэрэгтэй. Урин дулаан цаг ирж, шоу тоглолт ч элбэг болж буй. Зүгээр тоглолт үзчихгүй, орчин тойрноо утсаараа бичиж, лайвдаж, хүний дуу, дүрсийг нийтэд дэлгэдэг иргэн танд ч асуудал байна шүү. Ийм “орк” хүмүүсээс болж нүүр царайгаа нуухдаа тулах нь, бүр. Тэр байтугай парламентын гишүүн С.Цэнгүүн “Удаан хугацаанд бодож, төлөвлөсөн “Цэнгүүн” сангаа төрсөн өдрөө тохиолдуулан нээлээ” хэмээн унаач хүүхдүүдтэй авхуулсан зургаа малийтал оруулсан. Дараа нь маргах биш гэсэн шиг балчир хүүхдүүдийг явцгүй сурталчилгаандаа ашиглаж, хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гаргасан түүнд хариуцлага тооцох л учиртай сан. Маркетинг гэсэн маанаг үйлдлээ хаа хаанаа больж, соёлд суралцъя, хүмүүс ээ.
Д.Хүслэн