Английн Лондон хотод өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн дартсын өсвөр үеийнхний “Advanced tour -2025” дэлхийн цуврал лигийн тэмцээн өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монголын өсвөр үеийн шигшээ баг, “MGL darts” клуб, олон улсын шилдэг тоглогчдоос бүрдсэн” Winmau team 360” багийн анхны монгол тамирчин, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 9И ангийн сурагч, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг тэргүүлэв. Эл лигт оролцсон есөн орны шилдэг 32 тамирчинтай ана мана өрсөлдөж, Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч болсон юм. Тус улсад 2022, 2023 онд зохион байгуулсан өсвөр үеийн багийн ДАШТ-ий хүрэл, 2024 онд болсон ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн тэрбээр дотооддоо УАШТ-д дөрвөн удаа түрүүл сэн билээ. Түүний ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь мөн улсын аварга цолтой шилдэг тоглогч юм.