“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн ажилчид өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, компанийн удирдлагуудыг цалин хөлсөө хугацаанд нь олгохгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж буй талаар мэдээллээ.
Тэдний хэлснээр ажилчид удирдах албан тушаалтнууддаа хандан ажиллах нөхцөл, илүү цагийн хөлс, ээлжийн амралт зэрэг асуудлаар удаа дараа шаардлага хүргүүлсэн ч “Бидэнд тийм боломж байхгүй, чадахгүй” гэсэн хариулт өгч, нөхцөл байдлыг нь үл тоосон хандлага гаргасан гэнэ. Уурхайн төлөөлөл болсон ажилчид “Бид үндэсний хэмжээний томоохон компанид ажиллаж буй ч хөдөлмөрийн үнэлэмж бага, нийгмийн баталгаа хангалтгүй байна. Тогтмол ажилладаг хэрнээ цалин авна гэдэг итгэлгүй болчихлоо” гэсэн юм. Мөн энэ асуудалыг холбогдох төрийн байгууллагууд, хувьцаа эзэмшигчдийн анхааралд хүргэх зорилготойгоор ийнхүү олон нийтэд хандаж байгаагаа тодотгов.
С.Энхжаргал