“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд энэ сарын 6-12-нд олон улсын гурав, орон нутгийн 72 нислэг үйлдсэн талаар захиргаанаас нь мэдээлэв. Түүнчлэн тус нисэх буудлыг нөөцийн зориулалтаар ашиглах хүсэлт энэ хугацаанд 139 удаа бүртгэгдэж, үүний дагуу бэлэн байдлаа ханган ажилласан гэж дурдсан байна. Энэхүү мэдээллээс үүдэн “Буянт-Ухаа”-г ачаалалтай үед нөөц нисэх буудлаар ашиглахаар төлөвлөж буй, аялал жуулчлалын оргил улиралд орон нутгийн нислэгийг хариуцуулахаар болсон гэсэн сураг гарч эхлэв. Зам, тээврийн яамныхнаас үүнийг тодруулахад “Эцсийн байдлаар шийдээгүй. Гэхдээ “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөн шинэчлэх, орон нутгийн нисэх буудлуудлыг олон улсын зэрэглэлтэй болгох, ачаалалтай үеийн аюулгүй, бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэх чиглэлээр олон ажил ярьж, хийж байгаа” гэсэн юм.