Болгарын Софи хотод Европын физикийн IX олимпиад энэ сарын 13-17-ны хооронд болж өндөрлөлөө. Олимпиадад 40 орны 200 орчим сурагч, 100 гаруй багш, дасгалжуулагч оролцон, мэдлэг чадвараа сорьсон байна. Монгол Улсаа төлөөлөн таван сурагч оролцсоноос нэг мөнгөн медаль хүртэж, мөн шагналт байрт шалгарсан юм. Энэ нь манай улс уг олимпиадаас анх удаа мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилт болжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Амармэнд мөнгөн медаль, нийслэлийн “Сант” сургуулийн 10 дүгээр ангийн сурагч Г.Чойдэлгэр шагналт байр эзэлсэн байна. Багийн ахлагчаар МУИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, дасгалжуулагч багшаар Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат нар ажилласан аж.
Ч.Туяа